МАН гэдийж, СЕХ мэлзэж, Ардчилсан нам гүрийв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

МАН гэдийж, СЕХ мэлзэж, Ардчилсан нам гүрийв

Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрөгч баасан гаригийн хурал­даа­наар гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн болоод УИХ-ын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн Хурлын сон­гуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд буюу нэг асуудлаар хоёр намын бүлгийн бо­ловс­­руулсан хоёр өөр төслийг “хэр­хэн яаж хэлэлцэх вэ” гэдгээ шийдсэн юм.

Орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалтыг УИХ-ын сонгуулийн сонгуулийн хуультай нийцүүлэн засах нь зөв гэдэгт хоёр нам аль аль нь “тийм” гэж байгаа. Гэвч хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах эсэх дээр нэг нь “үгүй” гэж, нөгөөх нь “тийм” хэмээн зүтгэж буй нь гол маргаан болоод байна. 

МАН “хамт зохион байгуулах ямар ч боломжгүй” гэж буй бол Ардчилсан нам “чадна гэсэн хүнд арга олдоно, чадахгүй гэсэн хүнд шалтаг нь олдоно” гэж байгаа. Ингээд тав дахь өдрийн байнгын хорооны хуралдаан энэ тухай маргаанаар үргэлжиллээ.

Тус байнгын хороонд СЕХ-оос “Хоёр сонгуулийн зэрэг явуулах нь боломжгүй юм, ийм ийм хүндрэл бэрхшээл байна” гэх утгатай тайлбарыг оруулж ирсэн нь гал дээр тос нэмж, маргааныг бүр өдөөсөн юм.

Уг тайлбарт “УИХ-ын сонгуулийн хороодод 15 мянга орчим хүн ажиллах бөгөөд Орон нутгийн сонгуулийн хороодод дээрхитэй ойролцоо тооны хүн ажиллавал энэ хоёр сонгуулийг зохион байгуулж явуулахад 30 мянга орчим хүн ажиллах нь. Ингэхээр сонгуулийн хороодод ажиллах боловсон хүчний хомсдол гарч болно” гээд цааш нь “Хэрэв нэг саналын хуудсанд олон шатны нэр дэвшигчид болон нам эвслийн нэрийг бичихэд хүрвэл сонгогч саналаа өгөхдөө будилах, нэг сонгогч саналаа тэмдэглэх хугацаа уртасч санал авах ажиллагаа хуульд заасан хугацаанд багтахгүйд хүрч болзошгүй” гэж. СЕХ-ны даргын гаргасан энэ албан бичигт “саналын хуудсыг хэвлүүлж хүргүүлэх хуульд заасан цаг хугацаанд багтаах боломж­гүй, эрсдэлтэй… туршлага байхгүй тул ямар эрсдэл гарахыг урьд­­­чи­лан тооцох боломжгүй” гэх тайлбарууд ч дагалдаж байв.

Ингээд Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Хүн амын 98 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Гэтэл хоёрхон нүүрэнд багтах саналын хуудсанд төөрч будилна гэж ард түмнээ доромжилж болохгүй” гээд сонгогчийн үнэмлэхийг 20 хоногт сая найман зуун мянган хүнд тарааж чадаж байсан хэрнээ яагаад 2500 хэсэгт саналын хуудсыг тарааж чадахгүй байгаа юм бэ гэдгийг ч асуув.

СЕХ-ны дарга Ц.Лувсанжавын тайлбарласнаар “санал тоолох машины боломжийн талаар СЕХ-ноос АНУ-ын мэргэжилтнүүдтэй ярилцаж байгаа. Тойрог бүрийн саналын хуудас өөр өөрөөр бичигдэх бөгөөд нэг суманд л гэхэд таван өөр саналын хуудас хэвлүүлэх шаардлагатай болж байгаа гэнэ. Тэрхүү өөр өөр саналын хуудсыг тоолох программчлалыг машинуудад суулгахад цаг хугацааны хувьд асуудалтай болоод байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс эцсийн болох хугацаа 20 хоног байдаг бол АНУ-ын компанийн зүгээс дор хаяж 33 хоногийн хугацаа шаардаж байгаа. Нийтдээ 2500 машинд өөр өөр программ суулгах учир цаг хугацааны хувьд учир дутагдалтай” гэв.

Р.Гончигдорж энгийн шийдчих зүй­лийг маш хэцүү болгож хараг­­дуу­лах гэж байгааг нь шүүмжлээд “АНУ-ын талаас санал асуухын оронд таван монгол залуу суулгаад л прог­рамчилчих зүйл шүү дээ” гээд сонгуулийн Ерөнхий хорооны үндэс­лэ­лийг улстөржсөн шалтаг хэмээн буруутгав.

Мэдээж МАН-ын гишүүдийн зүгээс хамтад нь явуулах боломжгүй гэх СЕХ-ны тайлбарыг хамгаалж байсан ба гишүүн Д.Лүндээжанцан “аймаг, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байна гээд заачихсан атлаа Орон нутгийн Хурлын сонгуулийг зургаан сард явуулчихбал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа дөрвөн сараар хасагдах гээд байна. Түүнчлэн сонгуулийн санал авах цаг болоод зохион байгуулалт, техникийн талаасаа хүндрэлтэй зүйл тулгарах гээд байна. Нэг сонгогч саналын хуудсан дээр байгаа нэрсээс нэг нам, есөн нэр дэвшигчийг 80-аад нэрэн дундаас олж дугуйлах болоод байна” гэв.

Бүрэн эрхийн хугацаа дуусах эсэх тухай бүлгийн гишүүд мөн л мэтгэлцсэн ба Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг нарын хооронд гол маргаан гарч сүүлдээ Ч.Сайханбилэг “явж хуулийн сургуульдаа дахиж сураад ир” гээд байнгын хорооны даргадаа хуулийн тайлбар уншиж “хичээл зааж” өгснөөр маргаан намжив.  

Асуудлыг яаж хараад байгаагаас боломжтой эсэх нь харагдаж байгаа талаар Ч.Сайханбилэг тайлбар хийлээ. МАН-ын болоод СЕХ-ны даргын харж буй өнцгөөр УИХ-ын сонгуулийг зохион байгуулах зохион байгуулагчид дээр орон нутгийн сонгуульд нэр дэвших 15 мянган нэр дэвшигчийг нэмэнгүүт “боломжгүй мэт” харагдаж байгаа аж. Харин 15 мянган нэр дэвшигчийг өмнө нь нэгэнт зохион байгуулж чадаад байсан атлаа УИХ-д нэр дэвшиж буй 400 гаруйхан хүнийг нэмэх гэдэг талаас нь харвал “боломжтой” гэдэг нь тодорхой болж буй аж.

Цааш нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү “хууль хэрэгжүүлдэг байгууллага нь хуулиа хэрэгжүүлж ажиллаж сурмаар байна. Хэрвээ СЕХ-ны дарга хуулийн дагуу ажиллаж чадахгүй гэвэл суудлаа тавиад өгөх ёс зүйтэй байх хэрэгтэй” гэдгийг ч санууллаа. Х.Тэмүүжин гишүүн ч “санал нийлж буй зүйлүүдээ нэгтгээд санал нийлэхгүйгээ түр хойш нь тавиад асуудлыг урагшлуулья” гэдэг саналаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Даалгавар өгөх нь нэг асуудал, гүйцэтгэх нь өөр нэг зүйл” гээд “УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад энэ ажлын хэсэгт УИХ-ын хоёр дэд дарга, хоёр намын бүлгийн ахлагч, хуулийн төсөл санаачлагчид, сонирхсон гишүүд оролцон нухацтай ярилцах хэрэгтэй. Тэрхүү автомат машиныг нэг дүүрэг дээр аваачин яг сонгууль явуулж буй мэтээр туршаад хэрхэхээ шийдье” гэв. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар  гишүүн түүний энэ саналыг дэмжсэн авч хуулийн төслийг баталсны дараа туршилтын ажлыг хийх нь зүйтэй гээд гишүүдийн олонхийн саналаар хоёр хуулийн төслийг нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр намын бүлгээс боловсруулсан хоёр өөр төслийг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж