Модны хулгайчдын арга нарийссан гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Модны хулгайчдын арга нарийссан гэв

Сүүлийн хэдэн жил хулгайн модтой тэмцэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд хууль бусаар мод бэлтгэх, борлуулах хэргүүд багассан хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байгаа ч иргэдийн зүгээс “хулгайн мод бэлтгэх нь багасаагүй, харин ч арга нь илүү нарийссан” хэмээн холбогдох байгууллагууд нь гомдол гаргаад байгаа билээ. Мод хулгайлагчидтай хэрхэн тэмцэж байгаа болон манай орны модны төрөл зүйл, нөөцийн талаар Ойн газрын хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албаны дарга Ч.Ганбаатараас тодрууллаа.

-Танай алба хулгайн мод бэлтгэлийн эсрэг ямар ажил хийж байна вэ? 

-Байгаль дээр байгаа бэлэн модыг зохих дүрэм журмын дагуу биш, хууль бусаар мод бэлтгэгчдийг таслан зогсоохын тулд манай албыг байгуулсан. Хулгайн модтой тэмцэхийн тулд явуулын хоёр воганчик ажиллаж байгаа. Нэг нь нийслэлийн баруун талд, нөгөө нь зүүн талд цагдаагийн шуурхай бүлэгтэй хамтран ажиллаж байгаа. Мөн хууль эрх зүйн актыг шинэчлэн боловсруулаад эмхтгэл гаргасан.

-Нийслэлд орж ирж байгаа моднуудад ямар хяналт тавьдаг вэ?

-Мод модон материалын төрөлжсөн захуудад хулгайн мод орж ирэхээс сэргийлэх, тэднийг хянах үүднээс хяналтын  камер тавьсан. Энэ камерын систем шилэн кабелиар биш, радио долгионоор мэдээлэл дамжуулдаг онцлогтой. Энэ нь илүү хурдан, саад тотгор багатай гэдэг утгаараа энэ системийг сонгосон. Гэхдээ сүүлийн жилүүдэд хууль бус мод бэлтгэгчдийн арга улам нарийсч байна. Жишээ нь 22-ын товчоон дээр эхний машин нь дүрмийнхээ дагуу бичиг баримтаа бүрдүүлээд модоо шалгуулаад хот руу нэвтэрчихдэг. Нэвтэрсэн машин нь үлдсэн машиндаа өнөөх бичиг баримтаа буцаагаад дамжуулчихдаг болсон байна. Нэг ёсондоо нэг бичиг баримтыг дундаа хэрэглэж байна. Ийм нарийн сүлжээтэй болчихсон учраас 22-ын товчоон дээр камер тавьсан.  Хөдөө орон нутгаас хот руу орж ирж байгаа хулгайн модыг нутгийн иргэд мэдээлдэг. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 146 иргэнтэй холбоотой 662,8 куб, 914 сая 76 мянга 600 төгрөгийн хохирлыг тогтоосон.

-Цаашид хууль бус мод бэлтгэгч­тэй хэрхэн тэмцэх вэ?

-Хууль бус мод бэлтгэгчтэй тэмцэх мастер төлөвлөгөө боловс­руулж хэрэгжүүлж байгаа. Мастер төлөвлөгөөнд цаашид хийх үйл ажиллагаагуудыг он оноор нь төлөвлөөд тусгачихсан байгаа.

-Хулгайн мод бэлтгэгчдэд  ямар хариуцлага хүлээлгэж байна?

-Ер нь бол эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг. Хулгайн мод тээсэн, хадгалсан, борлуулсан, худалдсан этгээд бүгдээрээ хариуцлага хүлээнэ. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох тухай байгаль орчны сайдын 2010 оны 194 тушаал байгаа. Тэр тушаалаар байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл, Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлд  тухайн иргэн, байгаль орчинд хохирол учруулсны төлөө нөхөн төлбөр төлнө гэж заасан байгаа. Байгаль орчны сайдын 2010 оны 394 тушаалаар баталсан үнэлгээ ч мөн байгаа.  Тушаалд нэг метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь, өмнөхөөсөө гурав дахин нэмэгдсэн.

-Сүүлд хулгайн мод бэлтгэгч­тэй холбоотой ямар хэрэг гарсан бэ?

-2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд модны хулгай гарахын зэрэгцээ хууль бусаар буга агнасан хэрэг гарсан.  Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгуулага  шалгаж байна. Ийм учир бид хууль бус модыг зогсоох талаар Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газар гэх мэт бүхий л талын байгууллагуудтай хамтран ажилладаг.

-Ер нь манай орны газар нутгийн хэдэн хувийг ой эзэлж байна. Жил ирэх тусам багассаар байгаа гэдэг авч гаргаж байгаа судалгаанууд нь зөрүүтэй мэдээлээд байдаг шүү дээ?

-Судалгаагаар 2012 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар  нийт нутаг дэвсгэрийн 11.89 хувь буюу 18592,4 га талбайг ой эзэлж байна. Ер нь жилээс жилд буурсаар байгаа.

-Ой мод багасахад нөлөөлж байгаа гол хүчин нь юу вэ?

-Гол шалтгаан нь ерөөсөө л хүмүүсийн зохисгүй үйл ажил­лагаатай холбоотой. Байгалийн баялгийн олборлот, түймэр болон модны хулгайчдын балгаар ой багасч байна. Өнгөрсөн оны байдлаар гал түймэрт 76 суманд 161 удаагийн ой хээрийн түймэрт 20 сая га талбай шатсан.

-Ой хээрийн түймэрт шатсан газар хэр хугацааны дараа нөхөн сэргээгдэх боломжтой вэ.  Өнгөрсөн онд хэдэн га газарт нөхөн сэргээлтийн ажил хийсэн бол?

-Хэр зэрэг эрчимтэй түймэр гарснаас шалтгаална. Одоогийн байдлаар 8197 га талбайд ойжуулах, ойн нөхөн сэргээх ажил хийгдсэн байна. Өнгөрсөн онд 4777 га талбайг улсын төсөв хөрөнгөөр, аж ахуйн нэгжүүдийн болон хувь хүний хөрөнгөөр 3717 га талбайд ойжуулалт, 1000 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил, 60 га талбайд ойн зурвас байгуулсан. 

-Манай оронд хэдэн төрлийн мод ургадаг вэ?
 

-Ер нь манай орны байгаль цаг уурын онцлогоосоо шалтгаалаад 140 гаруй зүйлийн мод, бут, сөөгөөс бүрддэг. Тухайлбал шинэс, нарс, хуш, гацуур, жодоо, зэрэг шилмүүст мод хус, улиас, улиангар, хайлаас, бургас зэрэг навчит мод зонхилон тархаж ургадаг. Үүнээс 63 хувийг шинэс мод эзэлж байна. Манайд Сибирь шинэс, Дагуур шинэс, Чекановскийн шинэс гэсэн гурван зүйлийн шинэс ургадаг.  Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд  Сибирь шинэс 160-190 насандаа бие гүйцэх бөгөөд  энэ үедээ 24-26 м дундаж өндөртэй, 26-28 см дундаж диаметртэй байдаг. Гол төлөв Хөвсгөл, Булган, Хэнтий болон Төв, Сэлэнгийн нутгаар тархсан. Шинэс янз бүрийн өнгөтэй ургадаг. Бүдэг ногооноос улаан шаргал, хурц улаан өнгөтэй ч байна. Жавартай, сэрүүн нөхцөлд  тэсвэртэй мод.

Б.НАМУУНХУР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж