ДНБ-ний хэмжээ 4881 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

ДНБ-ний хэмжээ 4881 тэрбумд хүрчээ

Үндэсний статистикийн хороо­ны­хон сар бүхэн гаргадаг ээлжит тайлангаа танилцуулав. Хэтэрхий албархуу, ээдийн засагчид л ойлгохоос өөр энгийн иргэнд тийм ч чухал мэдээлэл болж чаддаггүй статистикчдын өгсөн ерөнхий мэдээллээс цухасхан хүргэхэд “ДНБ оны үнээр 2011 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 19.8 хувь, эхний хагас жилд 29.4 хувь, эхний гурван улиралд 31.7 хувь, жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 28.7 хувиар өсч, 10829.7 тэрбум төгрөгт хүрлээ” гэсэн байна. Түүнчлэн “ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувь, эхний хагас жилд 14.0 хувь, эхний 3 улиралд 16.5 хувь, харин жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 4881.4 тэрбум төгрөгт хүрч, 17.3 хувиар өслөө” гэж.

Даанч харамсалтай нь нэг хүнд оногдох ДНБ-ий үр шим бүхэн Монголын өрх гэр, айл болгоны авдранд орж чадахгүй байгаа.  Сангийн дэд сайдын хэлснээр энэ нь тооноор мөнгө шидэхтэй адилхан зүйл биш ч гэлээ  Монголын эдийн  засаг өндөр өсөлтэй, нэг хүнд ногдох ДНБ-ын үзүүлэлт  сайжирна гэдэг уг  нь хэн нэгэн энгийн иргэний амьдрал эерэгээр тусах үзэгдэл болоод үзүүлэлт баймаар. Гэтэл яагаад үнэ хөөсөрч иргэдийн хэтэвчинд байгаа хэдэн “бор”-ынх нь үнэлэмж буураад байна вэ. Цаашлаад уншвал, хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас  2.8  хувь,  өмнөх  оны  мөн  үеийнхээс 10.2 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 4.9 хувь, тээврийн бүлгийнх 5.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ гэсэн байх юм. Яагаад манай статистикчид орон сууцны үнэ хэдэн хувиар, махны үнэ хэдэн хувиар өссөн, мөн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд ямар шалтгаан, үндэслэл байв гэдгийг тооцоод гаргаад ирж болдоггүй юм бол. Ийм үүрэг байдаггүй юм бол эдийн засаг нь өөрөө энэ зүйлийг шаардаад байгааг мэдрэх хэрэгтэй бус уу. Мөнгөний нийлүүлэлт, гүйлгэнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ хэд болохоос илүү иргэдийн хувьд  хоёр өрөө байрны үнэ яг хэдэн төгрөгөөр өссөн бэ гэдэг бодит мэдээлэл л хэрэгтэй байгаа юм.

 Ер нь манай Үндэсний статистикийн хорооны мэдээ хангалттай байж чаддаггүй гэдгийг энгийн иргэд байтугай эдийн засагчид, сайд дарга нар хүлээн зөвшөөрдөг юм билээ. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, МУИС-ын ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж нар Үндэсний статистикийн хорооныхон хэдэн албаны тоо дурдаад л өнгөрдгийг шүүмжилсэн байдаг. Үүнийг манай статистикчид үнийн судалгаа хийхдээ анхаарахад илүүдэхгүй л зөвлөгөө байх.  За, цаашлаад статистикийн тайланг сонирхоё.

 Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны нэгдүгээр сард 325.8 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 260 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 65.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн урсгал орлого 2012 оны нэгдүгээр сард 324.3 тэрбум төгрөг, урсгал зардал 257.2 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 67.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 93.2 тэрбум төгрөг буюу 46.3 хувиар нэмэгдэхэд хэдийгээр дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 18.7 тэрбум төг буюу 20.7 хувиар буурсан ч гадаад худалдааны татварын орлого 51.8 тэрбум төгрөг буюу 3.8 дахин, бусад татварын орлого 45.1 тэрбум төгрөг буюу 3.2 дахин, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 17.1 тэрбум төгрөг буюу 72.8 хувь, хүн амын орлогын албан татварын орлого 6.5 тэрбум төгрөг буюу 50.5 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 3.9 тэрбум төгрөг буюу 17.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Ийм албархуу мэдээллээс та ямар нэгэн өөртөө хэрэгтэй мэдээлэл авч чадаж байна уу. Татварын мэдээллийг тэртээ тэргүй татварын ерөнхий газраас ч юм уу эсвэл нийгмийн даатгалын талаар Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас авчихаж болно. Иргэдийн хувьд, тухайлбал махны үнэ өсөөд байгаа шалтгаан нь юу вэ. Үнэхээр зургаан дамжлаг давж эцсийн хэрэглэгчдэд хүрдэг эсэх, цалин 2008 оноос хойш хэдэн хувиар нэмэгдсэн, ядуурал хэр зэрэг буурсан, өрхийн орлого ба зарлагын хооронд ямар зөрүү байгаа зэрэг мэдээлэл л хэрэгтэй байгаагаас татварын бус орлого энэ тэр мэдээлэл ердөө ч падлий байхгүй. Тэгэхээр энгийн иргэдэд бас эдийн засагчдад зориулсан хоёр тайлан гаргаж байхгүй бол  албархуу, хэнд ч хэрэггүй мэдээлэл хийчихээд түүнийгээ өөрсдийнхөө үүрэг гэж тайлбарлаад сууж байх ёстой гэж үү.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж