Хулгайн замаа хянаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Хулгайн замаа хянаж чадахгүй байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар болон тус яамны мэргэжилтнүүд, УМБГ, Ойн газар, МХЕГ-ын байцаагчидтай хамтран өнгөрөгч баасан гаригт манайд тулгамдаад байгаа асуудал болох модны хулгай, түүнийг хянах хяналтын систем ямар төвшинд хэрэгжиж байгаатай газар дээр нь очиж танилцлаа. Учир нь шинэ сайдыг ажлаа хүлээж авснаас хойш иргэдээс мод хулгайлах гэмт хэргийн талаар дорвитой арга хэмжээ авч, газар дээр нь очиж танилцахыг хүссэн хүсэлт ирсэн учраас БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар болон албаны хүмүүс энэ удаад нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг гарган ийнхүү газар дээр нь очиж танилцаж байгаа аж.

Найр тавихгүйгээр хариуцлага тооцно

Сайд хамгийн түрүүнд мод, модон мартериал  бэлтгэлийн захууд дундаа нийслэлдээ л хамгийн томд тооцогдох “Хангай” захаар орж танилцсан юм. Нийслэлийн баруун хэсгээр оршин суудаг иргэдийн ихэнх нь энэ захаас түлээний болон, барилгын зориулалтаар хэрэглэх модоо худалдаж авдаг юм. Бидний хэлж заншснаар “Хангай” зах буюу “Мөстийн гол” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч.Бат-Оюун уг уулзалтын үеэр хэлэхдээ “Сүүлийн гурав, дөрвөн жилд хулгайн модтой тэмцэх ажил нэлээд эрчимжсэний үр дүнд уг захаар хулгайн мод орж ирэх, худалдаалагдах асуудал нэлээд хумигдсан. Бараг байхгүй болсон гэж хэлэхэд болно. Орж ирж байгаа бүх модны гарал үүслийн бичгийг нь шалгаж байгаа. Мөн зах дотор хулгайн мод орж ирэхээс сэргийлж 24 цагын турш хяналтын камер ажиллуулж байгаа. Энэ камерын бичлэгийг долоо хоног бүр МХЕГ-аас авч шалгадаг. Гэхдээ хулгайн мод борлуулдаг, худалдаж авдаг энд тэндэхийн жижиг мужааны цехүүд их байгаа. Тэр цехүүдэд харин хяналт шалгалтыг хийх хэрэгтэй. Манай захын хувьд хяналт шалгалт муу байна гэхээсээ илүү гаргасан стандарт нь хэрэгжихгүй байна. Тухайлбал хөдөө орон нутгаас ирж байгаа моднуудын ихэнх нь стандартын хэмжээндээ хүрдэггүй, нарийхан ч юм уу эсвэл урт нь хүрэхгүй байх жишээтэй. Сандарт хэмжээндээ хүрдэггүй моднуудыг нь иргэд худалдаж авах сонирхолгүй байдаг юм. Ер нь энэ тал дээр нэлээд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байгаа гэсэн юм. Стандарт бус мод ирж байна хэмээн гомдоллосон захын удирдлагад хандаж сайд хэлэхдээ:

-Үнэхээр хулгайн мод орж ирдэггүй гэж байгаа юм бол стандарт бус модыг “Хангай” захын хашаагаар оруулахгүй байвал яасан юм бэ. Зах зээлийн шахалтыг бий болгоё. Зах зээлийн шахалтыг бий болгоод ирэхлээр энэ хүмүүс чинь стандартын дагуу модоо бэлтгэдэг, нийлүүдэг болно.  Захаас гадна мужааны газруудад хяналт тавья. Монгол улсын нутаг дэвсгэрт хууль  бүрэн хэрэгжих хэрэгтэй байна.  Найр тавихгүйгээр хариуцлага тооцно гэсэн юм.

Үнэхээр стандарт бус моднууд байгаа юм бол ойгоос хулгайлдаг л мод байж таарна. Ёс журмаараа мод бэлтгэдэг байсан бол  стандартын дагуу л тайрч бэлдэнэ шүү дээ хэмээн ярих хүмүүс ч цөөнгүй байлаа. Энэ зах дээр мод зардаг нийт 150 гаруй түрэээслэгч байдаг бөгөөд түүний ард 500 гаруй нь энэ захаас амьдрал ахуйгаа залгуулдаг аж. Уг захад Завхан, Булган, Сэлэнгэ, Архангай аймгуудаас мод ирдэг гэнэ. Энэ захад 10 гаруй жил мод худалдаалсан эмэгтэй гомдоллохдоо “Модны эрхийн бичигтэй байхад стандарт бус хэмжээтэй байна гэж жолооч нарыг торгодог. Цагдаа, эсвэл ойн байцаагчид торгуулсан жолооч бидэнд модоо зарахдаа торгуулийн 100 мянган төгрөгөө нэмдэг” хэмээн хэлсэн юм. Мөн тэдний хэлж буйгаар наг машин модыг 800-900 манган төгрөгөөр долоо хоног орчим зардаг. Тэгэхдээ нэг машин модноос дунджаар 150-200 мянган төгрөг унадаг. Гэхдээ яг сарын эцэст түрээс, бас бус зардлаа тооцоод үзэхээр 400-500 мянган төгрөгийн л ашигтай ажилладаг хэмээн хэлж байсан юм.

Хангай захад жилдээ ойролцоогоор 15-20 мянган куб метр мод нийлүүлэгддэг юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт мод модон материалын нийт есөн зах ажилладаг бөгөөд тэднээс ердөө хоёрхон захад хяналтын камер ажиладаг аж. Энэ жил нийслэлийн хэмжээнд 900 мянган шоо метр мод бэлтгэж оруулахыг зөвшөөрсөн аж.

Хулгайг харсан ч хөөгөөд гүйцдэггүй  

Ийнхүү “Хангай” захын үйл ажиллагаатай таницсаны дараа  цааш явж хулгайн модны эсрэг тэмцэж буй байгаль хамгаалагчидтай уулзахаар баруун турууны байгаль хамгаалагчдын постонд очсон юм. Уг байгаль хамгаалагчийн постноос хулгайгаар мод зөөдөг авто машинуудын явдаг замуудыг харах боломжтой юм байна.  Ихэвчлэн Зүүн-Хараа, Түнхэл, Сэлэнгээс хулгайн мод бэлтгэгчид үүгээр дамжин өнгөрдөг аж. Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд урьд шөнө 4:00 цагийн үед үүгээр хулгайн мод ачсан машин явж өнгөрсөн аж. Харамсалтай тухайн газрыг хариуцсан байгаль хамгаалагч Д.Жамбацамцын машин цасанд сууж хулгайчийг барьж чадаагүй өнгөрчээ. Манай байгаль хамгаалагчид их хэцүү орчин нөхцөлд ажилладаг тухайгаа хэлж байлаа. Нэг байгаль хамгаалагч дунджаар 40-67 км радиустай талбайг хариуцаж ажилладаг, үнэнийг хэлэхэд нэг хүн ийм олон километр газрыг хариуцаж ажилладаг болохоор зөрчил бүрт хүрч ажиллаж чаддаггүй гэдгээ ч хэлж байсан юм. Уг байгаль хамгаалагчийн постонд мод ачсан  Зил 131 маркийн цэргийн зориулалтай машин хураагдсан харагдлаа. Уг машин энэ сарын зургааны өдөр хураагдсан юм байна. Ер нь нийслэлийн хэмжээнд нийт 38 байгаль хамгаалагч байдгаас ердөө найм нь зориулалтын ажлын байртай аж. Ер нь мод хулгайгаар тээврэлдэг машинууд нь цэргийн зориулалттай “ЗИЛ-131” маркийн машинууд байдаг юм байна. Тэдгээр машинууд нь бартаат замыг туулах зориулаттай болохоор байгаль хамгаалагчдын хөлөглөдөг Уаз 469 машины явж чадахгүй жалга дов, цастай газраар торохгүй зугтаагаад явчихдаг. Засмал зам дээр ч хөөгөөд гүйцдэггүй аж. Шижирийн давааны цаана пост тавьж өгөөч гэх хүсэлтийг сайдад тавьсан юм. Харин сайд төсөв төлөвлөгөөгөө цаг алдалгүй, шуурхай гаргаж өгөхийг анхааруулав.

Түүнчлэн сайдыг дагаж явсан албаныхан мод ихээр сүйтгэгдсэн аймгийн Засаг даргад хариуцлага тооцьё гэх санал гаргав. Энэ бүс газар ажилладаг байсан өмнөх ой хамгаалагч хууль бусаар мод бэлтгэгчидтэй тэмцэж байгаад амиа алдсан юм байна.  Энэ мэтээр байгаль хамгаалагчид ганц нэгээрээ хулгайн мод тээвэрлэгчидтэй тэмцэхэд хүндрэлтэй байдаг учраас сүүлийн үед хэсгийн зохион байгуулалтад орсон  талаар ч хэлж байлаа. Сайдыг дагасан ажлын хэсгийнхэн хамгийн сүүлд 22-ын товчоогоор орж байдалтай танилцлаа. Товчооны хажууханд байрлах журмын хашаанд хулгайгаар мод тээвэрлэж байгаад баригдсан буюу хураагдсан машуунууд журмын хашаагаар дүүрэн байсан юм. Уг хураагдсан тээврийн хэрэгслийн эздэд УМБГ-т эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. 22-ын товчоонд гардаг байцаагчдаас хулгайн мод ээвэрлэх зөрчил хэр их гардгийг сонирхоход:

-Ер нь бол бичиг баримтын зөрчил­тэй, хулгайгаар мод ачсан тээврийн хэ­рэгслүүд   22-ын товчоогоор гардаггүй, хулгайн замаар л гардаг. Биднийг харсаар байтал хулгайгаар  мод ачсан машинууд хулгайн замаар гараад явчихдаг. Араас нь явах гэхлээр ажлын байраа эзгүй орхиод явчихаж бодохгүй болохоор хараад л хоцордог. Ер нь нийслэл хот өргөжин тэлхийн хэрээр 22-ын товчоо бараг  дотроо орчихсон. Тэгэхээр 22-ын товчоог нүүлгэж 61-ийн гарамын ойролцоо аваачих шаардлага гараад байна. Тэгэх юм бол ядаж л хулгайгаар мод ачсан машинуудыг хянахад арай илүү дөхөм болох юм. Учир нь 61-ийн гарам өнгөрөөд хулгайн замууд салдаг гэсэн юм. БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар энэхүү үйл явдлын төгсгөлд ойрын гурван сарын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх бүхий л боломжтой арга хэмжээг авна, яг гурван сарын дараа ахиад иймэрхүү шалгалты хийнэ. Байгаль дэлхий өөрөө Засгийн газрын гадна жагсаал хийхгүй гэдгээр далимдуулан хулгайч нар байгалийн гэмт хэргийг үйлдэж байна. Байгаль орчин шаналж байгаагаа сонсогдтол хэлж мэдрүүлж байна. Харин үүнийг бид хааяа боловч сонсохгүй байгаа. Одоо сонсдог болно. Тогтмол шалгалт хийнэ” гэдгээ хэллээ.

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж