
Өнгөрсөн жилийн “Coal Mongolia-2011”-ийн үеэр олны анхаарлыг татаж байсан гол сэдэв нь Тавантолгойн төсөл байсан бол эдүгээ ч энэ сэдэв мөн л гадаад, дотоодынхы хүлээлтийг тээсээр байгаа нь ажиглагдсан. Гэхдээ өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар ярьж байсантай харьцуулахад өнгөрсөн долоо хоногт болсон нүүрсний салбарынхны хоёр дахь удаагаа зохиогдож буй чуулга уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн тавьсан илтгэлээс энэ төсөл урагшаагаа алхах бус арагшаагаа ухарчээ гэмээр. Ноднингийн чуулга уулзатаар ноён Б.Энэбиш Тавантолгой төслийг 2011 ондоо багтааж хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөж байгаа тухай, олон улсын хөрөнгийн биржүүдээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг өнгөрсөн оны сүүлч, удлаа гэхэд энэ оны эхээр арилжаалахаар төлөвлөж буйгаа тайлагнаж байснаас хойш даруй нэг жил өнгөрч, энэхүү нэг жилийн дотор Тавантолгой төсөлд ямар ч өөрчлөлт, шинэчлэлт гарсангүй. “Эрдэнэс Тавантолгой” төслийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн чуулга уулзалтад тавьсан илтгэлээр бол ирэх тавдугаар сард, УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бололтой юм. Гэхдээ тус компаний товлосон хугацаандаа гаргаж үнэхээр чадах уу гэдэг эргэлзээтэй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чайлько”-д нүүрсээ зарж байгаа, цаашдаа Цанхийн баруун, Зүүн хэсэгт үйл ажиллагаа эхлэхээр нүүрсний олборлолт сайжирна, цаасан дээр босно гээд төлөвлөчихсөн баяжуулах үйлдвэрийн сураг ажгаас илүү Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг хэзээ тодруулах вэ гэдэг асуулт нь чуулга уулзалтад оролцогчдод хамгийн соирхолтой сэдэв байсан юм. Даанч Б.Энэбиш дарга энэ талаар ямар нэгэн тодорхой тайлбар хийхийг хүсээгүй. Учир нь Засгийн газраас байгуулсан Тавантолгой төслийг хэрэгжүүлэх таван гишүүд нь таван тийшээ болчихсон. Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, гишүүдээр нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар,Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ажиллаж байсан бөгөөд одоо зөвхөн Ч.Хүрэлбаатар дарга л бууриа сахиад үлдсэн. Бусад нь энэ ажлын хэсэгт ажиллах нэгэнтээ боломжгүй болсон байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэр чигээрээ өөрчлөлт орсон нь Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар зарлагдаад нэгэнтээ буцаагдсан АНУ, Орос, Хятад цаашдаа хэрхэх вэ гэсэн асуултын хариултыг ч хөрөнгө оруулагчид авч чадсангүй. Ямар байсан “Эрдэнэс Тавантолгой” ирэх тавдугаар сараас л олон улсын хөрөнгийн зах зээлээр арилжаалагдах нь гэсэн бүдэг бадагхан сургаар өөрөөр шинэ мэдээлэл ноён Б.Энэбишийн илтгэлд байсангүй.
Харин энэхүү чуулга уулзалтаар дэд бүтцийн салбарын асуудлыг нэлээд хөндсөн бол, нүүрсний салбараа түшиглэн ажлын байр олноор бий болгох, Налайхын их уурхайг сэргээж, нийслэлийнхний хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байгаагаа холбогдох яамны нөхдүүд нь ярьж байна лээ. Зохион байгуулагчид нь оролцогчдын тоо ширхэг өссөн гэдгээр чуулга уулзалтынхаа онцлогийг дурдаж байсныг эс тооцвол энэ хурал өмнөхөөсөө илүү үр бүтэлтэй, шинэ содон шинэлэг зүйлээр ховорхон, өнгөрсөн жилийн чуулга уулзалтаас энэ жилийн чуулга уулзалтын хооронд түүхий нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн гэдгээс өөрөөр хэлэх үг Монголын төрд байсангүй. Харин хувийнхан бол амжилттай явж байгаа юм билээ. “Энержи ресурс” гэхэд хоёр ч баяжуулах үйлдвэр барьчихсан, нүүрсээ бусдаасаа хоёр дахин өндөр үнээр борлуулж буй гэсэн мэдээллийг хөрөнгө оруулагчид авсан байх.
Энэхүү чуулга уулзалттай зэрэгцэн зохион байгуулагдсан нөгөө форум нь сэргээгдэх эрчим хүч. Нүүрсний олборлолт байгаль экологид сөргөөр нөлөөлж байгаа, говийн эко системийг баллаж байгаа гэх шүүмжлэл “Coal Mongolia-2012”-аас гарах үеэр Тусгаар тогтнолын өргөөнд сэргэгдэх эрчим хүчни салбарынхан хэрэгжүүлсэн төсөл, хийх гэж байгаа ажлынхаа талаар танилцуулсан юм. Энэ удаагийн форумд ус, нар, салхины цахилгаан станц, газрын гүний дулааныг ашиглах техник технологи, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хэтийн хөгжлөө тодорхойлсон бөгөөд байгальд хор нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч ихээр хэрэглэхийг хүсч байгааг тус салбарынхан ярив. Өөрөөр хэлбэл, ногоон хөгжлийн ирээдүй бол сэргээгдэх эрчим хүч гэдгийг тус салбарынхан онцолсон. Дөргөн Тайширын УЦС-ыг барьж ашиглалтад оруулсан туршлага дээрээ түшиглэн төвийн бүсэд том хүчин чадлын УЦС байгуулах боломж бүрдсэн гэнэ лээ. УЦС нь 130 жилийн хөгжлийн урт замыг туулсан НҮБ-ийн хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой хөгжлийн тулгуур гэдгийг ч эрдэмтэд тайлбарласан. Гэхдээ Дөргөний усан цахилгаан станцыг бүрэн хэмжээгээр нь ашиглаж чадахгүй байгааг, Хятад, Оросоос эрчим хүч өндөр үнээр худалдаж авахын оронд сэргэгдэх эрчим хүчээр баруун аймгуудын хэрэгцээг хангах мөн нүүрс ухаж газрын хэвлийг сэндийлж, агаар орчинг бохирдуулдаг эрчим хүчний хэрэглээнээс татгалзах хэрэгтэй гэх олон асуудлууд энд хөндөгдсөн. Дөрөв дэх удаагаа болж буй сэргээгдэх эрчим хүчний форумын үеэр өмнөх ярьж байснаа мөн л дахин дахин давтаж байгааг шүүмжлэгсэд ч байсан юм.
Манай орны эрчим хүчний салбарт усан цахилгаан станц гурван хувь, нар салхины станц 0.16 хувь эзэлдэг байна. Цаашид газрын гүний дулааны техник технологийг Монгол оронд нутагшуулах, дулааны насосны технологийг Монгол оронд нэвтрүүлэхийг тус салбарынхан дэмжиж байлаа. Салхит цахилгаан станцын дараагийн төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэцийд хэрэгжүүлэх гэнэ лээ.
Ийнхүү нэгэн зэрэг хуралдсан эрчим хүчний хоёр эх үүсвэрийн тухай хэлэлцсэн чуулга уулзалтын эцсийн үр дүн ирэх жил гэхэд бас “тэг” гарах вий гэсэн эмзэглэл олон хүний сэтгэлд үлдсэн ч байж болох. Ингэхэд ирх сард Монголын Засгийн газраас зохион байгуулдаг эдийн засгийн форум болно.
