Үл итгэгчдийн армитай танилц

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Үл итгэгчдийн армитай танилц

Намууд ачааллаа “дийлэхгүй” байна. Мянган эхийг уйлуулж, мянган ингэ буйлууллаа гэдэг шиг юм болж байна. МАН-д яаралтай “донор” хэрэгтэй болж өнгөрсөн баасан гаригт мянган залуугаар Тусгаар тогтнолын ордондоо “цус сэлбэв”. Түүнээс өмнө 800 залуу “донор”-ыг элсүүлээд байсан юм. Тэгвэл Ардчилсан нам ч “раанг”-аа харуулж, 1280 залууг Төрийн ордонд авчирч “цэнхэр донор”-ын үнэмлэх олгов.

Хамгийн инээдтэй нь тэдгээр мянга, мянган залуус үзэл бодол, чиг баримжаа энэ тэр гэхээсээ илүүтэй нэг өдөр намаар “гоёж”, нийслэлтэй үнэгүй танилцаж, үнэтэй ресторанд хооллон тансаглах төдийхнөөр энэ алхмыг хийсэн гэхэд гүтгэлэг болохгүй биз. Үгүй дээ л, арай өргөн цар хүрээтэй харвал, намын нөмөр нөөлгөн дор шат шатаар тушаал ахиж, хялбархнаар амьдрах чин хүсэлдээ хөтлөгдсөн болов уу. Өөрсдөөс нь асуухаар “Хийж байгаа үйлдэл, барьж буй бодлого нь таалагддаг” гэхээс цааш хэтрэхгүй.

-Ямар үйлдэл, ямар бодлого вэ?
-Ер нь л… гэнэ. “Ер нь”-өөс цаашгүй ерөнхий нөхдүүд. Ардчилсан хувьсгалд Дамдины Сүхбаатар оролцсон уу, Дарь.Сүхбаатар нь оролцсон уу гэдгийг мэдэхгүй мөрөө хавчих ичгүүртэй “улстөржигсөд”. 
      
Дэлхийн дулаарал Монголын залууст, дамаа тэдний тархинд нь илүү хүчтэй нөлөөлсөн бололтой. Сонгууль хүртэл ийн намд элсч гоёгсдын тоо олшрох биз. Мянга, мянгаараа дээрхийн адилаар, “улс төрийн хийрхэл” оноштойгоор ингэж халуурсан залуусыг цаашид намууд багтааж, шингээж чадах болов уу. Өнгөрсөн жилүүдийн дундажтай харьцуулахад энэ нь яахын аргагүй рекорд тогтоох үзүүлэлт, тийм биз дээ, судлаачид аа.

Гэхдээ байдал яг ч тийм биш. Намуудын хуучин “донор”-ууд нь нүүр бууруулах болжээ. Асуудлыг арай бодитойгоор, эрүүлээр харсан зарим нь өөрийн харъяалагддаг намаасаа татгалзаж байна. Хөөгдөхөөсөө өмнө ирээдүйд илүү асрамж, халамжтай хандах нам руу дүрвэсэн нэгэн ч бий л байх. Багтаж шингэхээ байнгуутаа буруушаагаад орхиод одож буй нөхдүүд ч бий. 

Жилийн өмнөөс хуучин удирдагч Н.Энхбаяраасаа харласан бууцаа харамлаад туурга тусгаарласан МАН-ыг харъя л даа. Саяхан УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг намаасаа ахиад “дүрвэх” гэж буй тухай яриа гарсан. Энэ яриаг тухайн үед үгүйсгэж байсан ч өнгөрч буй долоо хоногт ортой болсон.

“Толгой хагаравч малгай дотроо

Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг МАН өөрийн гишүүддээ хүчээр тайвшруулах “тариа” хийдэг цаг өнгөрчээ. Өнгөрсөн долоо хоногийн эхний өдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир,  Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба, Р.Раш нар намаасаа гарах тухайгаа дуулгасан нь сонгууль дөхсөн энэ мөчид удирдлагуудыг нь сандаргахад хүргэсэн нь дамжиггүй. Нэрээ сэвтээхээс нүгэлтэй их айдаг тэд даруй арга хэмжээ авч, “дүрвэхийг санаархагчид”-тай нэг бүрчлэн уулзаж түр тогтоосон гээд байгаа.

Тэгвэл хот, хөдөөгийн 15 мянга орчим МАН-ын гишүүн МАХН-д элссэн гэсэн мэдээлэл бас бий. Үүнийг МАН-ын удирдлагууд үгүйсгэж буй ч үнэн байх магадлал бий. Н.Энхбаярыг дэмжиж, хуучныхаа батлахыг хадгалж үлдсэн олон мянган гишүүн байгаа. Тэднийг намынхаа батлахыг дурсамж болгон хадгалж үлдсэн гэхээс илүүтэй цагийн аясыг харзнан хүлээж буй гэвэл илүү оновчтой болов уу.

Уур амьсгалын өөрчлөлт Ардчилсан намыг ч тойрч гарсангүй. Ардчилсан намаас “дүрвэж”, өөрийнх нь намд дагаар орсон хүний тоо 60 гарсан хэмээн МҮАН-хан мэдэгдэж буй. Тэдгээр нөхдүүд хуучин батлахаа хүлээлгэж өгөөд шинийгээ авсан талаар МҮАН мэдээлээд амжсан. Энэ халуурал Ногоон намыг ч тойрч гараагүй билээ. 

Ер нь намууд хэцүүдэж байна. Олигархитай тэмцэнэ гээд ч намд алдарсан итгэл үнэмшил нэгэнт сэргэхээ байжээ. Аль ч намын жирийн гишүүн удирдлагууддаа шүүмжлэлтэй хандах болж.  Тиймээс төрөлх намаа “олигархийн” нам гэж харах нь олширч. Түүнийг нь батлах мэт МАН-ынхан “Ганцхан манайд ч биш Ардчилсан намд ч олигархиуд бий” гэж дэмийрнэ. Өнөөдөр намуудад үзэл баримтлалаараа нэгдэн, шинийг эрэлхийлэгчид бус үе дамжсан хөрөнгөтэй, бүхнийг мөнгөөр шийддэг залуус хүч түрэн орж ирж буй нь үүний нэгэн илрэл. Ялангуяа МАН-ын бага хурлын гишүүдийн бараг тал хувь нь ийм залуусаар цус сэлбэчихсэн. Боловсрол, бодлогоор бус мөнгийг шүтэх нь гол зорилго нь болчихсон, залуус. Намын удирдлага нь үүнийг таслан зогсоож, олигархиудтай тэмцэхээ мэдэгдээд буй ч хэтэрхий хүч тэнцвэргүй тулаан болох нь дамжиггүй.

Өнөөдөр жагсаал, цуглаан хийгчид, сэтгэгдэл бичигчид “Олигархиудын өмчийг хурааж, шинээр хуваарил”, эсвэл “МАН-ыг татан буулгаж, өмчийг нь хураа ” гэж уриалж, лоозон барьж, сэтгэгдэл бичих нь энгийн жишээ болсон. МАН хэлснээ хэрэгжүүлнэ гэвэл наад зах нь өнөөгийн бага хурлынхаа тал хувьтай тэмцэх нь гарцаагүй.

Тиймээс олигархиудтай тэмцэнэ гэдэг МАН-ын хувьд биелүүлэх боломжгүй бодлого, сонгуулийн оноо авах гэсэн нэг оролдлого л гэж харагдаж байна. 

Өдөр өдрөөр ядуурч буй иргэд өнөөгийн эрх баригчдад итгэхгүй байна. Харин ч эсрэгээрээ тэднийг төрөөс холдуулсан цагт байдал дээрдэнэ гэж олонхи нь үзэх болжээ. Хамгийн сүүлд хийсэн “Сант марал”-ын судалгаа үүнийг нотолно. Дараагийн УИХ ямар бүтэцтэй байвал дээр вэ гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 38,5 нь шинэ хүмүүс байх ёстой гэж хариулж. Харин түүнээс дутахааргүй буюу 36,8 хувь “цоо шинэ бүрэлдэхүүнтэй” гэж хариулсан бол ердөө 12,8 хувь нь “олонхи нь одоогийн гишүүнээс бүрдэх хэрэгтэй” хариулжээ. Судалгаанд оролцогсдын 80 орчим хувь нь өнөөгийн түшээдийг үгүйсгэж байна. Арван хүн тутмын ердөө ганц нь л өнөөгийн гишүүдийн хийж буй үйлдэлд сэтгэл хангалуун байгаа гэсэн үг.

Судалгаанаас харахад намыг үгүйсгэгчид улам бүр олширч байна. Ингэснээрээ бүхнийг үгүйсгэх, туйлшрагчид олширно гэсэн үг. Ер нь аль ч нам хэрэггүй гэж судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь хариулах болжээ. Намууд ч үүнийг анзаарч, өөрсдийгөө эергээр харагдуулах мессэж илгээж, мянга мянгаар нь гишүүн элсүүлж, хүчтэй харагдахыг хичээж байна. Гэсэн ч хичнээн сэнхрүүлээд иргэд нэгэнт тэднээс нүүр бууруулах болжээ.

Намаа хамгаалах гишүүд нь өдрөөс өдөрт цөөрч байна. Харин намыг амьдралаа дээшлүүлэх шат мэт харж, муйхраар намчирхагчид олширч байгаагийн жишээ нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон явдлууд. Намын гишүүнчлэлийг халахгүй бол туйлшрал гээч Монголыг түймэрдэхэд бэлэн байна. Иргэд төрдөө итгэл алдарсан төдийгүй амьдралыг нь сайжруулна гэсэн ямар л бол ямар дарангуйлагчийг дэмжихэд өөрсдөө ч мэдэлгүй бэлтгэгджээ. Ирэх сонгуулиар МАН төдийгүй Ардчилсан намын айх аюул нь нийгмийн 40 гаруй хувиас нь бүрдэх үл итгэгчдийн арми байх болно. Өөрөөр хэлбэл, гай тарих шинэ арми улам бүр хүчирхэгжиж байна гэсэн үг.
 



Л.НАРАНТӨГС

 

 

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж