”Хууль батлагдахгүй байсан ч хоёр сонгууль нэг өдөр явна”

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

”Хууль батлагдахгүй байсан ч хоёр сонгууль нэг өдөр явна”

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Су.Батболд гишүүний хэлсэн үгнээс яриагаа эхэлье. Танай намын бүлгийнхэнд хандаж, “Та нар ингэж улайрвал бид ч гэсэн улайрч чадна шүү. Та нарын үгээр явна гэж лав байхгүй” гэсэн. Ингэхэд хэн нэгнийх нь үгээр сонгууль явах ёстой юу, эсвэл хуулиа барих уу?

-/инээгээд/ Су.Батболд яагаад тэгж агсам тавиад байсныг би ойлгоогүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхад ч гэсэн “УИХ-ын сонгуулийн санал хураалтыг л машинаар тоолно, орон нутгийнхыг бол гараар тоолно шүү” гэснийг нь би бас хэвлэл мэдээллийнхэнд хэлж л байсан. Ер нь бол машинаар тоолоход их дургүй, боломжгүй гэж байнга ярьдаг нөхөр. Бид дэлхийн жишигт хүрсэн сонгууль л явуулах гэж байгаа, шинэ юм бодож олоогүй. Хүн тоолохоороо аль нэг намд үйлчлээд, хахууль аваад, буруу тоолоод байна. Машин бол тоо алдахгүй. Нэг хүн олон удаа санал өгөөд байна. Манай иргэний үнэмлэх нууцлалгүй, гэрийнх нь хаягийг хэдэн ч удаа сольж нааж болдог учраас түүнийг солих эрх мэдэлтэй иргэний бүртгэлийнхэн нэг хүнийг олон удаа санал өгүүлээд байна. Тэгэхгүйн тулд хурууны хээтэй ухаалаг үнэмлэх тараагаад түүгээр нь нэг л удаа санал өгүүлье гэж байна. Ийм маш энгийн зүйлүүдээр сонгуулийг шударга явуулах гарцыг нээж байгаа. Миний өргөн барьсан хууль, Лүндээгийн (УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан)өргөн барьсан хууль хоёулаа явахгүй байлаа ч гэсэн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах хууль нь байгаа. Су.Батболд эхлээд орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолно гэж байгаад бууж өгсөн. Нэгэнт машинаар тоолох хууль нь байж байгаа учраас. Одоо бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулийн дараа явуулна, бид олуулаа юм чинь та нар юу юм бэ л гэж л яриад байгаа шүү дээ. Бид цөөхүүлээ ч гэсэн одоо байгаа хуулийг өөрчлүүлэхгүй байх нь байгаа. Цөөнхөд ямар эрх мэдэл байдаг вэ гэвэл өөрсдийнхөө хүсээгүй хуулийг гаргуулахгүй байж болдог. Тэгэхээр олонхи, цөөнх байна гэдэг харьцангүй асуудал. Хоёулаа ийм уяатай учраас хүссэн хүсээгүй зохицож л ажиллахаас өөр аргагүй.

-Хоёр хуулийн төсөл хоёулаа явахгүй бол ямар хуулиар сонгуулиа явуулах юм бэ, одоо хүчин төгөлдөр байгаа хоёр хуульд ч бас хоорондоо зөрчилтэй заалтууд байгаа шүү дээ. Сонгогчдын санал авах хугацаанаас эхлээд…

-Хоёр хуулийн төсөл хоёулаа явахгүй бол хариуцлагыг Ардын нам хүлээнэ. Сонгууль нэг өдөр явдгаараа явна. Тэгээд тэдний хүсээд байгаагаар УИХ-д нэр дэвшигчдийн авсан саналыг машинаар, орон нутгийнхийг гараар тоолдог юм руугаа явна. Нэг өдөр санал өгсөн хоёр хуудасны нэгийг гараар, нөгөөг машинаар тоолно гэдэг ийм л хүсэл эрмэлзлэлтэй улсууд шүү дээ. Би МАН-ынханд хэлж байгаа. Энэ хууль батлагдахгүй байх юм бол танай илүү хариуцлага шүү гэж. Нэг өдөр болгосноор сонгуулийг маш хямдхан зардлаар явуулж болж байна. Нэгэнт  л УИХ-ын гишүүнийн сонгох гэж улс даяар бүх сум, багуудад 2500 хэсгийн хороо байгуулж, бүх иргэдээ цуглуулаад саналыг нь авч байгаа юм чинь нэгмөсөн орон нутгийн сонгуулиа хамт явуулчихья. УИХ-ын сонгуулийн ирц бол маш өндөр, 80 хувьтай байдаг. Ийм үед нь нэг ч төгрөг гарздалгүйгээр орон нутгийн сонгуулиа бас хамтатгачихья л гэж байгаа юм. Иргэн З.Энхболд орж ирээд УИХ-ын гурван гишүүнийг сонгохынхоо хажуугаар нийслэлийн, дүүргийнхээ ИХ-ыг сонгочихоод л гараад явчихна, ямар ч асуудалгүй. Нэгдүгээрт, сонгуулийн хэсгийн хороодод ажилласан хүмүүст өгдөг цалин /нэг сонгуулийн зардал 5-10 тэрбум төгрөгт багтдаг/ хэмнэгдэж, чирэгдэл маш их буурдаг. Зургадугаарт сард нэг удаа, аравдугаар сард нэг удаа сонгууль явуулахад үнэндээ явуулын ажилтай хүмүүс бол орон нутгийн сонгуулиа өгч чаддаггүй шүү дээ. Үндсэндээ нийслэлийн сонгуулийн ирц хүрэхгүйгээс хүчингүй сонгууль болж байгаа, ирцээ хүчээр л хүргэдэг болохоос биш.  

-Сонгогчдын ирцийг хүргэхийн тулд сонгуу­лийг хамтад нь явуулах шаардлагатай гэж үү?

-Ирц бүрдүүлэх зорилгоор сон­гуу­лийг хамтад нь явуулж байгаа. Улаан­баатар хотын захиргаа иргэдийнхээ ит­гэлийг даахуйцаар ажиллахын тулд сонгогчдынхоо ядаж 70 хувийг бүр­дүүлээд, 50 хувийнх нь саналыг авсан байх учиртай. Нийт сонгогчдынхоо ядаж 35-40 хувийн санал авсан байхад иргэд тэдэнд итгэнэ. Гэтэл сүүлийн хэдэн удаагийн сонгууль яаж явлаа. Ирц 50 хувьдаа хүрэхгүй дахиж байсан. Дахин сонгууль явуулахад дахиад 50 хувьдаа хүрэхгүй болохоор нь нэрсийн жагсаалтад байсан сонгогчийнхоо тоог хасчихаж байсан. Ингээд дөчин хэдэн хувийн ирцтэй сонгуулийг л хүчинтэйд тооцдог байхгүй юу. Сонгогчдын 45 хувь нь ирсэн гээд тооцоход түүний тал хувь буюу Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ 23-хан хувийн санал авсан нийслэлийн удирдлагуудад итгэж ажиллуулахад хэцүү биз дээ. Манай намынхан баримтжуулчихсан байгаа. Эхний санал хураалтад 100 хүн ирээд ирц бүрдэлгүй сонгууль дахиж байхад хоёр дахь санал хураалтад 80 хүн ирснийг ирц бүрдлээ гээд л сонгуулийг хүчин төгөлдөр болгож байсан. Тийм учраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг Засаг дарга нар, улс төрийн албан тушаалтнууд гаргахгүй гэдэг хуулийг УИХ-д оруулчихсан, УИХ-ын сонгуульд оролцох сонгогчийн нэрсийн жагсаалтыг автоматаар орон нутгийн сонгуульд шилжүүлэх юм. Тэгвэл нэрсийн жагсаалтыг дээш, доош татаж тоглодог нь алга болно.

-Байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын бүлгийнхний тавиад байсан бас нэг шаардлага нь “Хоёр сонгуулийг зэрэг явуулснаар хүний эрхэд халдах гээд байна” гэсэн. УИХ-ын сонгуульд ялагдсан хүн яагаад орон нутагт нэрээ дэвшүүлж болдоггүй юм гэж…?

-Тэр буруу. Манай нам бол дотроо маш ойлгомжтой ялгаа, зааг хийчихсэн. Сумын намын дарга намаа сонгуульд ялуулбал сумын Засаг дарга, аймгийн намын дарга намаа ялуулбал аймгийн Засаг дарга, төвийн намын дарга ялбал Ерөнхий сайд болно гэж. Чи бол сумын хэмжээний тоглогч байна, чи аймгийн хэмжээний, чи улсын хэмжээний тоглогч гэдэг ялгаа заагийг тогтоож өгсөн. Сумын намын дарга аймгийн Засаг дарга больё гэвэл эхлээд аймгийн намын дарга болох ёстой. Түүнээс биш УИХ-ын сонгуульд унахаараа Нийслэлийн ИТХ-д орно гэдэг буруу. Хоёр сонгуулийг зэрэг явуулснаараа Ардчилсан нам ч, ер нь бүх нам эрсдэлд орж байгаа. Хуучин бол УИХ-д ялагдсан ч орон нутагт ялчихна гэдэг ойлголт байсан, 1996 онд тэгсэн шүү дээ. Яагаад гэвэл манай ард түмэн тэнцүүлэх сэтгэлгээтэй учраас. Тэгэхээр энэ буруу байна аа. УИХ-д Ардчилсан нам ялаад, орон нутагт МАН ялдаг байх юм бол 1996-2000 оных шиг л бие биеэ гацаасан, хэн хариуцлага хүлээх нь мэдэгдэхгүй юм болно. Эрх мэдлийг авбал авсан шиг авья, авахгүй бол сөрөг хүчнийхээ орон зай дээр яв аа л гэж байгаа юм. УИХ-аас шийдвэр гардаг, Ерөнхий сайд нь үүрэг даалгавар өгдөг, орон нутагт очоод хэрэгжилт нь гацдаг тийм л үе 1996-2000 онд байсан шүү дээ. Тийм учраас 2008 онд МАХН, Ардчилсан нам хоёр тохироод өнөөдөр байнгын хорооны хурал дээр МАН-ын гишүүдийн эсэргүүцээд байгаа “Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулна”  гэдэг заалтыг хуульд оруулсан юм.

-Тэгээд одоо юу өөрчлөгдчихөөд болохоо больчихов. МАН олонхи болчихсон учраас уу?

-Тэр үед бол аль ч нам олонхи болоогүй, хоёулаа тэнцүү суудалтай байсан. Тэгэхэд Лүндээ энэ хууль дээр гар өргөчихөөд одоо болохоор “болохгүй” гээд яриад сууж болохгүй шүү дээ. Би тэр үед яригдаж байсан аргументуудыг маш сайн санаж байна. “Дөрвөн жилд дөрвөн удаа сонгууль явуулж улстөрждөг улс манайхаас өөр алга, сонгуулийн жил төрийн ажил явахгүй, орон нутагт ажил зогсоод байна аа. Тийм учраас УИХ-ын болон орон нутгийн сонгуулиа зэрэг явуулья, дөрвөн сонгуулийн хоёрыг нь нэг жилд явуулчихаар хохирол арай бага учрах нь. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жилийн хугацаатай байдаг учраас бүтэн нэг жилийн зөрөөтэй сонгуулийг нааш цааш хөдөлгөхөд хэцүү. Баг хорооны Засаг даргын сонгуулийг бас цугт нь явуулчихвал бүтэн жилжингээ улс төрждөг байдлаас гарч, ажлаа хийдэг болно оо” л гэж ярьсан шүү дээ. Одоо ч гэсэн Ардчилсан нам тэр байр суурин дээрээ байгаа. Ардын намынхан яагаад буцаад байгааг л ойлгохгүй байна.

-Сонгуулийг нэг өдөр явуулах хуультай хэрнээ санал авах цаг нь зөрөөд, нэр дэвшүүлэх хугацаа нь бас өөр өөр байгаа. УИХ-ын сонгуулийг хэлэлцэж байх үед л “Орон нутгийн сонгуульд бас өөрчлөлт орох нь байна шүү” гэж ярьж байсан мөртлөө яагаад хамтад нь явуулчихаж болоогүй юм. Мартчихсан юм уу, эсвэл орон нутгийн сонгуулийн хуулийг хамтад нь аваад явбал УИХ-ын сонгуулийн хууль чинь уначих гээд байсан уу?

-Бас л Ардын намаас болсон шүү дээ. Орон нутгийн сонгуулийн хуулийг хөндөхгүй шүү, одоо байгаа хуулиар нь явуулна гэсээр байгаад аваад үлдчихсэн. Би бүр хуулийн төслөө “УИХ, Орон нутгийн сонгуулийн хууль” гэж бичсэн юм. Тэр нь ажлын хэсэг дээр дэмжлэг авч, байнгын хороогоор орж чадаагүй л дээ. Хэрвээ тэгж чадсан бол өнөөдөр өөрчлөх гээд байгаа бүх зөрчилтэй заалтууд нэг мөр ороод цэгцэрчих байсан юм.

-СЕХ-ноос Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргаж өгсөн тайлбарт юу байсан бэ? Байнгын хороо тэднээс “хоёр сонгуулийг давхар явуулах боломжтой юу” гэж саналыг нь асуусан юм уу?

-Тэнд бичигдсэн зүйл Ардын намын гишүүдийн хэвлэлээр өгч байгаа ярилцлага, өнөөдөр /баасан гаригт. сурв/ байнгын хорооны хуралдаан дээр гаргаж тавьсан зүйлүүдтэй яв цав таарч байгаа. Н.Лувсанжав ингэж нэг намын төлөө ажиллаж болохгүй биз дээ.

-Танай намаас ч гэсэн СЕХ-нд төлөөлөл байдаг биз дээ?

-Нөгөө хоёроосоо асуухгүй л байхгүй юу. СЕХ-г Н.Лувсанжав төлөөлөхөөс биш, Ч.Содномцэрэн төлөөлөхгүй шүү дээ. Н.Лувсанжав дарга ийм юм авчирч гишүүдийн толгойг эргүүлээд байгаа юм. /А4 хэмжээтэй таван хуудас нэрсийн жагсаалт бүхий саналын хуудасны загвар/ Энэ бол амьдралгүй зүйл, тийм урт жагсаалт гарахгүй. Нийслэлийн дүүргүүдэд бол Дээд шүүхэд бүртгэлтэй 18 нам нэр дэвшүүлж магадгүй. Хөдөөд бол үсрээд гурван нам л нэр дэвшүүлдэг, Ардын нам, Ардчилсан нам, дээр нь ИЗН байх уу, үгүй юу. Тэгэхээр хөдөөгийн сонгогчдод очих нэр дэвшигчийн жагсаалт УИХ, аймаг, сумын ИХ-д нэр дэвшигчдийн жагсаалттай нийлээд А4-ийн нэг хуудас л болно.  Аймгийн төвшинд нэр дэвшүүлдэг нь хоёр л нам байгаа шүү дээ, ИЗН зарим аймагт орно, заримд нь орохгүй. Суманд бол Ардчилсан нам, Ардын нам хоёр л нэр дэвшүүлдэг. Яагаад гэвэл суманд нэр дэвшүүлэхийн тулд тухайн нам нь тэр суманд үүр хороодтой, албан бланктай байж тойргийн хороонд нэр дэвшигчээ бүртгүүлдэг. Тийм үүр хороодтой нам хоёроос илүү байхгүй. Гэтэл Н.Лувсанжав дарга бүх аймаг, сум, дүүргийн бүх шатны сонгуульд Дээд шүүхэд бүртгэлтэй 18 нам бүгдээрээ нэр дэвшигчийн тооны дээд хязгаарт тултал нь дэвшүүлнэ гээд таван хуудас жагсаалттай саналын хуудасны загвар оруулж ирж байна. Хэзээ ч тийм зүйл болж байгаагүй. Хотод бол 18 нам 18-уулаа нэр дэвшүүлж болно, түүн дээр нийслэл, дүүргийн нэр дэвшигчдийн жагсаалтыг нэмэхээр А4-ийн хоёр талтай нэг хуудас л саналын хуудас гарч байгаа юм. Гэтэл СЕХ хоёр сонгуулийг зэрэг явуулж болохгүй гэдэг Ардын намын саналыг батлахын тулд зориудаар ийм зүйл оруулж ирж байгаа юм. 2500 санал авах байр буюу хэсгийн хороод дээр суманд 2000, аймагт 2500, хотод 3000 хүртэл сонгогч санал өгөх ёстой. Тэгэхээр 2500 төрлийн 2000-3000 ширхэг саналын хуудас л хэвлүүлнэ гэсэн үг. Бодитой гарч ирж байгаа ялгаа нь ердөө л энэ. УИХ-ын сонгуульд бол аймаг даяараа нэг тойрог учраас 26-хан төрлийн л саналын хуудас хэвлэгдэнэ. Энэ мэтийн ложистикийн асуудлыг шийдэж чадахгүй бол СЕХ-ныхон ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. УИХ-ын гишүүдэд буруу мэдээлэл өгч, огт амьдралгүй юм яриад байхын оронд.

-УИХ-ын гишүүдэд буруу мэдээ­лэл өгөх бус, МАН-ын бүлгийнхээ гишүүдтэй нийлж байгаад нийгэмд буруу мэдээлэл өгөөд байгаа юм биш үү, тэгвэл?

-Тэгж байгаа юм. Тийм учраас би уурлаад байна. Зөв мэдээлэл өгч байж зөв шийдвэр гарна, буруу мэдээлэл өгвөл буруу л шийдвэр гарна шүү дээ. Дээр нь сонгуультай холбоотой бүх механик ажлуудыг шинэ хуулиар алга болгосон. Засаг дарга нэрсийн жагсаалт гаргаад тэрийг нь Сонгуулийн хорооны арав гаруй хүн айл айлын хаалга тогшиж тулгаад, араас нь сонгогчийн үнэмлэх тараадаг байсныг алга болгосон. Бүх хүн ухаалаг үнэмлэхтэй, түүгээрээ өөрийгөө нэрсийн жагсаалтад орсон эсэхийг шалгаад, сонгуулийн өдөр ирээд хурууны хээгээ шалгуулаад саналаа өгөхөд болно. Энэ бол АНУ-д байдаг сонгуулийн процедур, маш хялбархан. Хурууны хээ шалгадаг машин, хэсгийн хорооны сонгогчийн нэрсийн жагсаалт, санал тоолдог машинаар нийт сонгуулийн ажлын будилаан гардаг бүх нүх сүвүүдийг хаачихсан. Бид олон улсын төвшний сонгуулийг анх удаагаа явуулах гэж байгаа. Тийм учраас арван хэдэн мянган нэр дэвшигч болчихлоо, яана аа ийнээ гээд болгоомжлоод байх юм ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл энэ 18 намаас чинь аймаг, дүүрэг, сумын хэмжээнд бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэг нь хоёрхон л нам байгаа.  

-УИХ-ын 400 нэр дэвшигч дээр орон нутгийн 16000 нэр дэвшигчийг нэмчихээр будилчихна гэж МАН-ынхан яриад байгаа. Үүнийг эсрэгээр нь орон нутгийн 16000 дээрээ УИХ-ын 400 нэмэгдэнэ гээд харчихад л болох юм биш үү? УИХ-ын нэг тойрогт 1-3 хүнийг л дугуйлна шүү дээ.

-Тийм. Нөгөө талаас нь ч бас харж болно, хялбархан байхгүй юу. Үүнийг төвөгтэй, хоёр удаа явуулья гэж байгаа нь МАН-ын нөхдүүдийн “Манай нам хагарчихсан бутарчихсан учраас ялагдах юм байна. Ядахдаа орон нутгийн сонгуулиа авчихаад 1996-2000 оных шиг бүх ажлыг гацаагаад явья” л гэсэн санаа. Ард түмнээ хүртэл доромжилж байна шүү дээ, 12-хон хүнээс сонголтоо хийчихэж чадахгүй гэж. Хотод бол арай их байх аа, 18 нам нь бүгдээрээ нэр дэвшүүллээ гэж бодоход хамгийн олон буюу гурван мандаттай Сонгинохайрхан дүүрэгт 54 хүн болж байна. Дүүрэг, нийслэлийн иргэдийн хурал бол хэвээрээ. Гэхдээ УИХ-д гурван хүн, нийслэлд хоёр хүн, дүүрэгт гурван хүн дугуйлна. Дугуйлах хүний тоо бол хот хөдөөгүй адилхан Тэгээд болохоор хотод саналын хуудас А4 цаас хоёр нүүр, хөдөөд бол нэг хуудас л байгаа. СЕХ үүнийг хийж чадахгүй гэж байгаа бол чаддаг хүнд нь ажлаа өгөөд явах ёстой. Болгоё гэсэн хүн бол саналын хуудсыг арай өөрөөр хэвлэж авчирч болно.

-Сонгуулийг одоо байгаа хуулиа­раа явуулна гэвэл санал авах цаг нь зөрөөд байгаа шүү дээ. Тэгэхээр яаж сонгууль явуулах юм бэ?

-Ядаж цагийнхөө зөрүүг засах байх л гэж бодож байна. Нэр дэвшүүлэх хугацааг бас наашлуулахаас аргагүй. Яагаад гэвэл орон нутагт 45 хоногийн өмнө, УИХ-д хоёр сарын өмнө нэр дэвшүүлэхээр байгаа. Саналын хуудас нэг гарах учраас УИХ-ын нэр дэвшигчид тодрох өдөр бүх, аймаг, сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигчид тодорчихсон байх ёстой.

-Орон нутгийн сонгуулийн хуу­лийг батлахад хэд хоног үлдсэн бэ?

-Ажлын тав хоног л үлдсэн. Ер нь бол хэлэлцээд байх юм нэг их байхгүй, хууль нь өөрөө их хялбархан. Орон нутгийн сонгуулийн хуульд саналыг гараар тоолох тухай аягүй олон заалт байсныг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн санал тоолдогтой адил сонгуулийн автоматжуулсан системээр тоолно гэчихээр хуулийн заалт ч багасаад 3-4 өгүүлбэр л болчихож байгаа юм. Мөнгө тараавал нэр дэвшигчийн жагсаалтаас хасна гээд хариуцлагыг нь заагаад өгчихөөр орон нутгийн сонгуулийн хуулийн бас их олон заалтыг хаачихаж байгаа. Яг УИХ-д нэр дэвшигчийн хариуцлагатай адилхан заалтууд үйлчилж байгаа, сонгуулийн зардал ч яг адилхан. Ганцхан орон нутгийн сонгуулийн аймаг, сумандаа зарцуулах мөнгөний хэмжээ л өөрчлөгдөнө. Түүнийг нь СЕХ юм уу, тойргийн хороо нь тогтоогоод явчихна. Нэр дэвшигчийг бүртгэх нь ч бас өөр. УИХ-д нэр дэвшигчийг СЕХ бүртгэдэг бол Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх журам нь хуучнараа үлдэнэ. Орон нутгийн сонгуулийн систем хэвээрээ үлдэнэ, гэх мэтээр зөрөөтэй заалтууд нь хэвээрээ үлдээд, УИХ-ын сонгуулийн хуулиас авч болох заалтуудыг нь аваад л явчих юм. Маргалдаад байх шаардлагагүй. УИХ-ын сонгуулийн хуульд заасан “машинаар тоолно” гэдгийг тоолохгүй гэж маргах утгагүй болчихлоо шүү дээ. Гол маргаан хугацаан дээр л байгаа юм. Болохгүй бол хугацаагаа хаяад одоогийн байгаа хуулиараа явья.

-Лүндээ дарга тусад нь явуулья гэж хууль санаачилсан биз дээ?

-Тэгсэн. Одоо үйлчилж байгаа хуулиа буцааж өөрчлөх тухай санал байхгүй юу. Тиймээс Лүндээгийн тусад нь явуулах заалт хаягдаад “зэрэг явуулна” гэдэг одоогийн хуулиараа явна л гэсэн үг. Цуг явуулна гэдэг одоо байгаа хуулийн заалтыг манайхан бол хөндөөгүй шүү дээ.

-Орон нутгийн сонгуүлийн хуульд байгаа “сонгуулийг хамтад нь явуулна” гэдэг заалтыг УИХ-ын сонгуулийн хуульд бас давхар хийчихсэн бол маргаан гарахгүй байсан биш үү?

-Орон нутгийн хууль одоо хүчин төгөлдөр байгаа хууль. Тэнд хамтад нь явуулах заалт нь байгаа учраас УИХ-ын сонгуулийн хуульд давхар оруулах шаардлага байхгүй. УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж байх үед “Орон нутгийн сонгуулийн хуулийг оролдохгүй шүү” гэсэн нь МАН-ын бүлгийн өөрсдийнх нь санаа шүү дээ, түүнээс биш бид хойш тавиагүй.

-“Оролдохгүй” гэх үедээ МАН-ыхан хамтад нь явуулах тухай заалт байгааг мартчихсан байсан юм болов уу?

-Үгүй ээ үгүй, мэдэж л байгаа л даа. Ганцхан орон нутгийн сонгуулийг гараар тоолно шүү, УИХ-ынхыг машинаар тоолно л гэсэн байхгүй юу. Одоо бол хүссэн хүсээгүй үүнийг ярихаас өөр аргагүй боллоо л доо. Одоо байгаа хуулиараа явуулах гэхээр зөрчилдөөд байгаа биз дээ. Хэрвээ хуулийг өөрчлөхгүй бол ямар үр дагавар үүснэ гээч. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-д нэр дэвшигчийн сонгуулиас өмнө явуулах бүх үйл ажиллагааг хаачихсан. Цагаан сараар мөнгөтэй золгоод сонгогдож болдог байсан бол  одоо боломжгүй болсон. Гэтэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигч ялгаагүй зургадугаар сард сонгуульд орох мөртлөө цагаан сараар мөнгөтэй золгох нь нээлттэй үлдчихээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хуу­лийг гаргахгүй гэж байгаа хүмүүс “ца­гаан сараар авлигаа тараагаад орон ну­таг­таа сонгогд оо” л гэсэнтэй яг адилхан. Үүний хариуцлагыг дахиад Ардын нам хүлээнэ. Тэрийг тооцохгүй үлдээгээд, сонгуулийн өмнө Орон нут­гийн сонгуулийн хуулийг баталья гэхэд энэ олон нэр дэвшигчдийг бүртгэх, ажил албанаасаа гарах, саналын хуудас бэлтгэх гээд маш олон ажил зуун задгай үлдэж байгаа юм. Тийм учраас сонгуулийн хуулийг өөрчлөхөөс аргагүй гэдэг дээр намын бүлгүүд санал нэгдсэн. Үгүй бол орон нутгийн сонгууль нь бөөн будилаан болох гээд байна. Нэг өдөр явуулах хууль нь хүчинтэй байдаг, тэгсэн хэрнээ цаг нь зөрөөд, авлига өгөх нь нээлттэй үлдчихсэн.

-Сануулахад, УБЕГ-ын хуучин дарга МАН-аас сонгуульд нэр дэвшихээр болж ажлаа өгсөн. Түүний оронд МАН-ын нарийн бичгийн дарга байсан н.Амарсанаа гэж хүнийг тавьсан болхоор УБЕГ ч бас нэг намын эрх ашигт үйлчлэхгүй гэсэн найдлага байна уу?

-Хуучин дарга нь оны өмнө аж­лаа өгсөн. Түүний дор байсан н.Энхбаа­тарыг шинэ дарга нь очоод халчихсан.

-Дэд дарга нь танай намынх байсан юм уу?

-Үгүй ээ, Ардын намынх. Гэхдээ өөр фракцийнх л байхгүй юу. Одоо УБЕГ-т ажлаа мэддэг хүн үлдээгүй. Үү­нээс болоод иргэний ухаалаг үнэмлэх хуга­цаандаа тарах эсэх нь тодорхойгүй байна. Хүндрэл байна гэж хэлж байна лээ.

-Ямар хүндрэл?

-Бэлдэц хэвлэх хугацаа бага байна гэж байна лээ. Анхнаасаа буруу загвар өгөөд хугацаа алдчихсан, одоо загвараа өөрчилж байгаа юм гэсэн. Төсөв хөрөнгийн хувьд бол ямар ч асуудалгүй, үнэмлэхний үнэ 10 мянган төгрөгийг хүртэл төсвөөс гаргаж байгаа шүү дээ. Ер нь бол дарга нарыг нь хольж солиод байдаг буруу, дээр нь МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг аваачиж тавьж байгаа нь болохгүй, наад хүнээ соль оо л гэж хэлж байгаа. Төрийн албаны шалгаруулалт энэ тэрийг бүгдийг нь зөрчөөд л тавьсан шүү дээ.

-Намын батлахаа өгчихсөн байсан юм уу?

-У.Хүрэлсүхийн зөвлөх байсан юм чинь батлахтайгаа л байгаа шүү дээ. Ер нь бол Сонгуулийг зөвхөн СЕХ явуулахаа больсон. Сонгогчийн нэрсийн жагсаалт гаргахаас авахуулаад сонгуулийн ажлын 50 хувийг УБЕГ-т өгсөн. Гэтэл тэр 50 хувийн ажлыг хийх хүн МАН-ын нарийн бичгийн дарга байхаар яах вэ. Бид лав итгэхгүй байгаа, бусад намууд ч итгэхгүй байна. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг зохиодог газар дээр улстөрч аваачаад тавьчихаар чинь итгэхгүй байхаас ч аргагүй л дээ. Тэгэхээр солихоос өөр аргагүй.

-Иргэний ухаалаг үнэмлэх хуга­цаандаа гарахгүй нь ээ гэдэг чинь асуудал биш үү?

-Тэр ч бас сэжиг төрүүлж байгаа. Одоо үнэмлэх хийж байгаа компани, УБЕГ, Хуул зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга н.Баясгалан эд нар Финлянд явах юм. Тэнд очиж бэлдэцээ үзээд ирэхээр нь бүлэг дээр дахиад ярина.

-“Сонгуулийг хуулийн дагуу явуул чадахгүй гэж байгаа бол түүнийгээ хэвлэлээр яриад явах биш ажлаа өг өө” гэдэг шаардлагыг танайхан СЕХ-ны даргад хэлж байсан. УБЕГ-ын даргад ч гэсэн хамаатай юм биш үү?

-н.Амарсанаад ингэж хэлэх шаардлага байхгүй, зүгээр л ажлаасаа халагд гэж байгаа. Яагаад гэвэл хууль зөрчиж очсон учраас чамд энэ сонгуульд оролцох намууд итгэхгүй байна, тиймээс МАН  ч гэсэн ном журмаар нь хүнээ ажилд тавь аа л гэж байгаа.

-УБЕГ-ын хуучин дарга нь намаасаа түдгэлзээд төрийн албанд очсон, гэтэл одоо ажлаа өгөөд намын батлахаа аваад сонгуульд орж байна. Одоо н.Амарсанаа ч бас л батлахаа өгчихсөн гэх байлгүй. Яамдын төрийн нарийнууд ч гэсэн дээ, нам бус гэж байснаа сая бүгд  бүгдээрээ МАН-ын нэр дээр сайд болоод дэвшээд явчихлаа. Тийм Төрийн албаны хуулиар яах юм бэ?

-Ер нь төрийн албыг намаас түдгэлздэг биш намаас гардаг л болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй болохоор нууц намын гишүүд гарч ирээд шаардага нь гарахаар намдаа үйлчлээд явчихдаг. Үүнийг болиулах хэрэгтэй л дээ.

-Тэгээд яагаад энэ тухай өнгөрсөн дөрвөн жил яриагүй юм бэ?

-Төрийн албаны зөвлөл болохгүй байна гэхээр МАН-ынхан “Болж байна аа” л гээд байгаа шүү дээ, бүх шатанд нь хүмүүсээ шургалуулчихсан учраас. Тиймээс бид н.Амарсанааг УБЕГ-ын даргаас огцруулах саналаа Засгийн газарт бичгээр өгчихсөн байгаа. Одоо хариуг нь хүлээж байна.

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж