УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар парламентын гишүүд дотроо залууд тооцогддог. Гэвч түүнд ангийнхан нь “Уймраа Сүхээ” гэдэг хоч өгч амжлаа. Ингэж хэлэх болсон нь өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эрхэм гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай огт авцалдахгүй тэс хөндлөн асуулт тавьсантай холбоотой хэрэг л дээ. Тухайн үед чуулганаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байлаа. Харин Ж.Сүхбаатар гишүүн “Дархан-Уул аймгаас манай нэг сонгогч хувьцаатай холбоотойгоор гомдол мэдүүлж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагчдад хувьцаа олдохгүй нь” хэмээн ярьж гартал Д.Дэмбэрэл дарга “Ж.Сүхбаатараа чи хэддүгээр асуудлыг хэлэлцэж байна гэж ойлгоод байна вэ. Наад асуудлыг чинь хойшлуулаад гурав дахь асуудлыг хэлэлцэж байна шүү дээ” гэвэл тэрбээр “Өө дарга аа, би хоёрдугаар асуудлыг хэлэлцэж байгаа юм бодоод” гэж толгойгоо илэн, мушилзахад ангийнхан нь түүнд хандан “Д.Дэмбэрэл даргаас долоон дор болчих гэж… Уймраа Сүхээ боллоо шүү өнөөдрөөс эхлээд” гэцгээн инээдэм болцгоов.
Г.Дарь