Төсөлд тусгасан хоёр дахь томоохон заалт нь сэргээшийн шинжилгээтэй холбогдож буй юм. Одоогийн хуулиар шөвгийн 16-д үлдсэн бөх болон сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг ч шинжилгээний хариу гараагүй байхад буюу наадмын үеэр цол, чимэг олгодгийг хууль санаачлагчид буруу гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, шинжилгээний хариу гарсны дараа сэргээш хэрэглэсэн бөх, харваачдаас цол, чимгийг хурааж авдаг нь хэн, хэнийхээ сэтгэл зүйгээр тоглосон тоглолт болж буй учраас сэргээшийн шинжилгээний хариуг үндэслэн цол, чимгийг олгодог байхаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хурдан морины уралдаанд эрлийз морьд уралдах болсон тул түүнд бас шалгуур тавих хэрэгтэй гэж үзсэн байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 75 буюу түүнээс дээш хувийн Монгол цустай морьд уралдуулж байхаар хуулийн төсөлд тусгасан юм байна.