Н.Энхбаяр: Би хангалттай шалгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Би хангалттай шалгууллаа

МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Н.Удвал, Л.Цог, хуульч О.Баасанхүү нарын хүмүүс өнгөрөгч  баасан гаригт  хэвлэлийнхэнд  мэдээлэл хийсэн юм.  Мэдээллийн үеэр МАХН-ын удирдлагууд “Өнөөгийн эрх баригчид  2008 оны сонгуульд луйврын аргаар гарч ирсэн, энэ оны сонгуулиар  дахин луйвардахын тулд  улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр гүтгэж  байна” хэмээн мэдэгдсэн юм.  Мөн тэд 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гаргах зардлын жишгийг тойрог болгоноор тооцож, нэг нам эсвэл нэг эвсэл 20 орчим тэрбум төгрөг зарцуулах болсныг эсэргүүцэж, Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан уг шийдвэрийг дахин нягталж үзэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Мэдээлэл хийх үеэр МАХН-ын  дарга Н.Энхбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-Таныг албан ёсоор сэжигтнээр татаагүй ч таны туслахад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Бас таны хүүгээс тайлбар авч байгаа гэдэг. Энэ мэдээлэлд та хариулт өгөхгүй юу?

-Ер нь аливаа нэг хэргийг шалгаж тогтооход цаг хугацааны асуудал чухал. Намайг янз бүрийн асуудлаар, янз бүрийн аргаар гурван жилийн турш шалгаж байна. Миний туслахыг саатуулж, хүүхдийг маань шалгалаа. Мөн эргэн тойрны хүмүүсийг  хэлмэгдүүлэн байж шалгаж байна. Хэрвээ би хууль зөрчсөн бол гурван жилийн хугацаанд илрээд нотлогдох хугацаа өнгөрлөө.  Цагдаагийнхан дээрээс өгсөн даалгавраар ажиллаж  байна гэдэг.  2009 оны намраас эхэлж шалгаж байгаа. Шалгавал шалга, үнэн зөвийг нь тогтоовол тогтоо л гэдэг.  Ер нь намайг сонгуульд оруулахгүйн тулд ямар нэг  зохиомол хэрэгт холбогдуулах улайрсан ажиллагаа явагдаж байна. Намын нэрийг зургаан сар өгөхгүй, янз бүрийн шалтгаанаар хойшлуулсантай адил, шалгаж байгаа сонгуульд оролцуулахгүй байх арга хэрэглэж байна.  

-Та ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийг  нэрд төрд тань халдсан гэж  100 сая төгрөг нэмэмжилсэн. Нэхэмжлэлийг харьяаллын бус гээд Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлээд сураг алдарлаа?

-Ц.Нямдорж надтай холбоогүй, миний хийж байсан ажил үүрэгтээ холбоогүй асуудлаар мэдэмхийрч, үндсэн хууль зөрчин, миний нэр төрд халдсан. Үндсэн хуульд шүүх шийдвэр гаргаагүй байхад тухайн хүн гэм буруугүй гэж заасан байдаг. Түүнийг мэдсээр байж, Ц.Нямдорж албан тушаалаа ашиглаж, гэм буруутай  мэтээр удаа дараа  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан учир  нэр төрөө сэргээлгэхийн тулд гомдол мэдэгдэл гаргасан. Шүүх шударгаар шийднэ гэж найдаж байгаа.

-Та УИХ-ын гишүүдийг 2012 оны сонгуулиас нэрээ татахыг уриаллаа. Харин та өөрөө нэр дэвших үү?

-Миний хувьд ганцаараа хангалттай шалгууллаа. Буруутай болох нь нотлогдохгүй байна. Намын нөхдийн зүгээс 2012 оны сонгуульд нэр дэвшүүлнэ гэвэл надад татгалзах ёс суртахуун алга. Алдааг нь олж харсан. Ард түмэн итгэл хүлээлгэвэл нэрээ дэвшүүлнэ. Ер нь шалгуулах нь зөв юм байна гэж бодож байгаа.  Ерөнхийлөгчөө, ерөнхий сайдаа албан тушаалаас нь буухаар шалгадаг жишиг тогтоох нь зөв юм байна.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж