Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хөлөө бэртээснээс хэсэг хугацаагаар ажлаасаа чөлөө аваад байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногоос тэрбээр УИХ-ынхаа ажилд шуурхай ороод байна. Гэхдээ хөлийнх нь бэртэл бүрэн эдгээгүй байгаагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцохоор ирэхдээ таяг тулсан байв. УИХ-ын гишүүний зэрэгцээ сайдын алба давхар хашдаг Ц.Нямдорж уг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш. Гол нь Засгийн газрыг дахин байгуулахдаа Тэргүүн шадар сайдын албыг цомхотгож, эрхлэх асуудлынх нь хүрээнд байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд шилжүүлсэн учраас Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцох зайлшгүй шаардлагатай гэж өөрөө үзэн, ийн саатжээ. Энэ үеэрээ Сонгуулийн ерөнхий хорооныхонд хандан “Хоёр сонгуулийг зэрэг явуулах бол нэг дүүрэгт туршилт хийгээд сонгогч нэр дэвшигчдийг дугуйлах тохиолдолд хэдий хэмжээний минут зарцуулж байна. Автомат машинаар саналын хуудсыг уншуулахад мөн хэдий хугацаа зарцуулж байна вэ гэдгийг нарийн тооцож гаргах шаардлага байна. Туршилтыг одоо л хийхгүй бол оройтно шүү” хэмээн захиад авна лээ.
Г.Дарь