“Монголын эдийн засгийн форум” гурав дахь жилдээ болох гэж байна. Энэ удаагийн чуулган “Хөгжилд хамтдаа” гэсэн уриан дор гуравдугаар сарын 5, 6-нд үргэлжлэх бөгөөд чуулганд оролцогсдыг хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл бүртгэх юм байна. Чуулганы зорилго нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур салбаруудын бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачидтай санал солилцож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар нэгдмэл ойлголтод хүрэхэд оршдог бол энэ жилийн форумын цар хүрээг иргэн хүний хөгжилд түлхүү анхаарч, түүнээс эх орны ирээдүй шалтгаална гэдгээр тодорхойлж байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар ажилгүйдлийг бууруулах нь улс орны тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн зөв гарц. Учир нь ажилгүйдэл буурснаар иргэн хөгжинө, мөн төсөв эрүүлжиж, төсвийн алдагдал гэж толгой өвтгөж суухаар ажлын байр бий болгох хэрэгтэй гэсэн санааг эдийн засагчид хэлж байна. Энэ мэт нийгэм эдийн засгийн томоохон асуудлуудыг эдийн засгийн форумаар гаргаж ирэх юм. Эдийн засгийн чуулга уулзалтаас гарах дүгнэлтүүд нь дунд хугацааны болон хэтийн хөгжлийн төлөвлөлт, төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой ажээ.
У.Болор