Түүхийн өвийг хамгаалах үүрэг бүх шатны Засаг дарга нарт байдаг | News.MN

Түүхийн өвийг хамгаалах үүрэг бүх шатны Засаг дарга нарт байдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Түүхийн өвийг хамгаалах үүрэг бүх шатны Засаг дарга нарт байдаг

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж бүртгэх ажлыг Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь аймагт хийжээ. Түүх соёлын өвийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БСШУ-ны хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа, тус хэлтсийн хяналтын ахлах байцаагч Ц.Цэндсүрэн, Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Б.Даваацэрэн нар мэдээлэл хийлээ. Бүртгэлийн ажлыг ахалсан Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Орон нутагт түүхэн олдвор, чулуун хөшөө, булш их байдаг. Өмнө нь түүхэн олдворыг бүртгэж байсан юм болов уу?
-Түүхэн олдвор, булш, чулуун хэрэглэл зэрэг зүйлээ хадгалан хамгаалах асуудалд анхаарлаа тавьж бүртгэл хийхийг 1987 онд орон нутгийн удирдлагад үүрэг өгч байсан юм билээ. Гэхдээ албан ёсоор бүртгэж баримтжуулан, дүрс бичлэг, зургийг нь авч бүртгэж байгаагүй.
-Эхний ээлжинд Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь аймагт бүртгэл хийжээ. Бусад аймагт байгаа олдворыг хэзээ бүртгэж эхлэх вэ?
-Шат дараалалтай хийгдэх ажил учраас цаашид төлөвлөгөөний дагуу энэ ажлыг хийх болно.
– Хятадууд орон нутагт амьдарч байгаа иргэдэд металл илрүүлэгч өгч түүхэн олдвор, булшийг эвдэн сүйтгүүлж байна гэсэн мэдээлэл байна. Та бүхэнтэй ийм зүйл таарав уу?
-Бүртгэлийн ажил хийх явцад түүхэн олдворыг эвдэн сүйтгэсэн хэрэг олон таарлаа. Дорнод аймгийн нутагт хятадууд металл илрүүлэгч иргэдэд тараан эд зүйл хайлган авч, худалдан борлуулсан хэрэг гарч байсан. Зарим иргэн энэ багажийг лизингээр хүртэл авч ашигласаар байгааг нутгийн иргэд хэлж байна. Дорнод Монголын таван аймгийн дэвсгэрт 141 хөшөө дурсгал байгааг бүртгэн баталгаажуулснаас 80 гаруй хувь нь байгаль болон нийгмийн хүчин зүйлээс хамаарч устаж үгүй болох аюул нүүрлээд байна.  Хэнтий аймгийн Батноров сумын Их өтөгийн дөрвөлжин булшийг ухаж сүйтгээд хогоор дүүргэсэн байна. Чухам хэн, хэзээ ухаж авсан болох нь тодорхой бус байдаг. Дээрх таван аймгийн нутагт нийт 110 орчим хийдийн туурь байсныг  бүгдийг нь ухаж сүйтгэсэн. Мөн Халхгол сумын нутагт байдаг Утай таван уулын түүхэн хийдийн туурийг 2005-2008 онд 300 гаруй хүн ухаж  сүйтгэсэн байх юм.
-Бидний мэдэх, мэдэхгүй олон хүн чулуу хөшөө, эд зүйл алдагдсаар байдаг юм билээ. Хяналтын байгууллагаас хол байгаа энэ зүйлсийг хэн хадгалж хамгаалахад нь  анхаарах  ёстой юм бэ?
-Хуулиараа тухайн аймаг, сум, багийн Засаг дарга нар түүхэн олдворыг бүртгэн хадгалж хамгаалах ёстой. Архангай аймгийн Хашаат суманд  байдаг түүхэн хоёр хүн чулуу өнгөрсөн онд алдагдсан. Бид тухайн нутгийн Засаг даргад арга хэмжээ авах алба бичиг явуулсан. Мөн Төв аймгийн Заамарт байдаг Түрэгийн үеийн хүн чулуу хэн хэзээ авсан нь тодорхой бус алга болсон. Түүхэн өв, олдворыг зөвхөн хяналтын байгууллага бус иргэн бүр хайрлан хамгаалах нь чухал байгаа нь бүртгэлийн явцад анзаарагдлаа.
Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж