Уитни Хьюстон таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстон таалал төгслөө

Нэрт дуучин, жүжигчин Уитни Хьюстон 48 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр
Лос Анжелес хотын "Beverly Hilton" зочид буудалд бямба гаригт нас барсан
байна. Хьюстоны гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр дуучин бүсгүй
зочид буудалд буудаллаж байсан аж. Түүний үхлийн шалтгаан одоогоор
тодорхой бус байгаа бөгөөд цагдаагийн хэлснээр ямар нэгэн гадны нөлөө гэх ул мөр байхгүй байгаа аж. 

Уитни Хьюстон бүхий л цаг
үеийн хамгийн алдартай эмэгтэй дуучдын нэг байсан бөгөөд түүний дуулсан  олон шилдэг дуунууд хөгжмийн ертөнцийг цаг үргэлж байлдан дагуулсаар ирсэн билээ. Дуучин Бобби Браунтай
гэрлэсэн Хьюстоны карьер гэр бүлийн таагүй байдал болон хар тамхинаас
болж сүүлийн жилүүдэд таагүй уур амьсгалтай болсон гэж хэлэхэд болох юм. Уитни Хьюстон
өнөөдөр Лос Анжелест болох "Grammy Awards" хөгжмийн наадамд оролцох
байсан бөгөөд түүний найз Клайв Дэвисын ярьснаар нэрт дуучин "Grammy"-ийн ёслолд дуулах  байжээ.

Дуучин Уитни Хьюстон амжилтын оргил үедээ
Америкийн хөгжмийн ертөнцийн алтан охин байлаа. Түүний цомог хамгийн их
борлуулалттай цомогт тооцогдож, анхны "Grammy" шагналаа Saving "All
My Love for You" дуугаараа хүртэж байсан юм. Тэрээр урлагийн орчинд
хүмүүжсэн бөгөөд ээж нь сүмийн дуучин байжээ. Нью
Жерсид өссөн Уитни Хьюстон сүмд дуулах болсноор урлагийн гараагаа эхэлсэн бол удалгүй Нью-Йоркийн нэгэн шөнийн клубт дуулахын хажуугаар загвар өмсдөг байжээ. Ингээд удалгүй "Arista Records" компанитай гэрээ хийснээр дуучны карьер амжилт олсон
билээ. Тэрээр хэд хэдэн шилдэг кинонд тоглосон бөгөөд “Бие хамгаалагч”
киног нь манай үзэгчид сайн мэдэх юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгч
Рэв Ал Шарптон хэлэхдээ "Grammy Awards хөгжмийн наадамд оролцогчид болон
дэлхийн хүн төрөлхтөн түүний бурхнаас заяасан авьяасыг дурсан, залбирах биз ээ" хэмээжээ. 

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж