
УИХ-аас 2010 оны зургадугаар сард Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн батлахдаа “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг иргэддээ, мөн үндэсний аж ахуйн нэгждээ 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр арилжаалах шийдвэрийг гаргасан байсан юм. Түүнчлэн дээрх компанийн хувьцааны 30 хувийг хөрөнгийн биржид арилжаалахаар заагаад байв. Гэвч хуулийг хэрэгжүүлэх болоход Засгийн газрын зүгээс Татварын ерөнхий газарт бүртгэлтэй үндэсний аж ахуйн нэгжүүдээс цөөн тооных нь татвараа төлдөг, бусад нь алдагдалтай ажилладаг гэсэн тайланг гаргаж өгдөг байсны зэрэгцээ цөөн тооны хүн дээр хувьцаа төвлөрөх боломжийг энэхүү тогтоол бий болгох нөхцөл байдал үүсгээд байна гэж үзэн, компаниудтай холбогдох асуудал дээр тодорхой шийдвэр гаргаж чадахгүй хойшлуулсаар байсан юм. Энэ үед УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар дээрх тогтоолд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан аж ахуйн нэгжид арилжаалахаар заагаад байсан 10 хувийн хувьцааг иргэн бүртээ нэмж олгохоор болж өөрчилсөн. Харин УИХ-аар эл асуудлыг хэлэлцэн ажлын хэсэг байгуулах шатанд “Иргэдэд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг нэмж олгохын зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгждээ нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдан авах боломжийг мөн олгох ёстой гэж үзэн, энэ заалт байнгын хорооноос дэмжлэг хүлээн, чуулганаар хэлэлцэх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нягтлах шаардлага байна хэмээн үзэж, завсарлага хүссэн нь энэ юм.
Хоёр дахь бүлгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болж байна. Үүнд УИХ-ын гишүүн З.Энхболд нарын, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төслүүд багтаж байна. Гурав дахь нь УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явц байдлын талаарх мэдээлэл сонсох ажээ.