Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт нэг өдөрт обьектын түймрийн зургаан дуудлага ирсэнтэй холбогдуулан ард иргэдэд гал түймрийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Нийт дуудлагын ихэнхийг гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр шатсан дуудлагууд эзэлж байгаа ажээ. Он гарснаас хойш НОБГ-т обьектын гал түймрийн 460 удаагийн дуудлага иржээ. Ялангуяа сүүлийн үед байшин шатсан дуудлагууд нэмэгдэх хандлагатай байгаа нь хүйтний эрч чангарч, иргэд галлагаагаа нэмсэнээс, мөн пийшин зуухны аюулгүй байдлын хангахгүй, ил задгай гал түлж, үнс нурмаа асгаснаас болон  цахилгаан ашиглалт, угсралтын буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа тухай албаныхан мэдээллээ.

Иймд айл өрхүүд дор бүрнээ цахилгаан утасны аюулгүй байдлаа шалгаж, хэт ачаалал  үүсгэхгүй байх, үнс нурмаа гүйцэт унтрааж,  дутуу унтраасан үнс нурмыг үүдний амбаар, байшин, гэр дотроо тавихгүй байх, эвдэрч цуурсан пийшин зуух хэрэглэхгүй байх, галын амны өмнө халуун цог унахаас сэргийлж төмөр хаалт тавих, галлагаа нэмсэн үедээ яндангийн цонолт халалт үүсгэхээс сэргийлж дээвэр, яндангийн гарах хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийх, яндангийн залгаасыг шалгахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас  анхааруулж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж