МСЭ “Хэвлэлийн дайснууд”-ыг зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

МСЭ “Хэвлэлийн дайснууд”-ыг зарлана гэв

Монгол Улс 2011 онд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр огцом ухарч дэлхийн улс орнуудаас 100 дугаарт бичигдсэн. Цаашид “Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон” хэмээх ангиллаас ч доошоо унаж болзошгүй байдалд ороод байгаа. Ийм эгзэгтэй үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгаа. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг боломжийн хэмээн хэвлэл, мэдээллийн салбарынхан үзэж байгаа. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл нь хориглох, хязгаарлах, цагдан хянах зүйл заалт олонтой аж. УИХ дээрх хоёр төслийг нийлүүлж, нэг хууль болгох төлөвтэй байна. Ингэж нэгтгэх явцад Засгийн газрын төсөл дэх хориглох зүйл заалтууд орчихвол энэ хууль хэвлэлийн эрх чөлөөг дэмжих биш, чөдөрлөх хууль болчих вий гэсэн болгоомжлолоо Монголын сэтгүүлчид эртнээс илэрхийлж, хууль тогтоогчдод өөр өөрийн боломжоор дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. Ингэж анхааруулж сануулсаар байтал хэвлэлийн эрх чөлөөг хумин боогдуулсан ямарваа нэгэн зүйл заалтыг уг хуульд оруулах юм бол уг төслийг боловсруулсан, баталсан улстөрчдийг “Монголын хэвлэлийн эрх чөлөөний дайсан №…” хэмээн тодруулж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр – 5 дугаар сарын 3-нд  олон нийтэд зарлана гэж МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

“Хэвлэлийн хуульчлан баталгаажуулсан эрх чөлөө нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна. Харамсалтай нь үүнийг ойлгодог, асуудалд эрүүлээр ханддаг улстөрчид дэндүү цөөхөн юм.  Гэхдээ хусавч арилахгүй муу нэр хэрэггүйг улстөрч болгон мэддэг. Тэгэхээр хууль тогтоогч эрхмүүдийн улс нийгэм, ард түмнээ гэсэн эрүүл ухаанд найдахаас илүүтэйгээр  нэр төр, цол чимэгт нь халдах нь үр дүнтэй бололтой. “Хэвлэлийн эрх чөлөөний дайсан № төд” гэдэг гуншинг улстөрч байх бүхий л хугацаандаа чирч явах яавч олигтой юм биш гэдгийг адгийн тэнэг ч гэсэн ойлгох байлгүй дээ”  хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн байна.

TV9 телевизийн “Ардын парламент” нэвтрүүлэгт оролцох үедээ тэрбээр энэ талаар дахин тодорхой мэдэгджээ.

Б.Марал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж