Дорнод аймаг эрх зүйн ухуулагчтай болно

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг эрх зүйн ухуулагчтай болно

Монгол Улсын засгийн газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хэрэгжүүлэх ажил эхэллээ. Энэ хүрээнд аймгийн Хуулийн хэлтэс, Цагдаагийн газар хамтран  сум бүхэнд хоёр ухуулагч бэлтгэхээр  сургалтыг хоёрдугаар сарын 11-нд буюу өчигдөр зохион байгуулжээ. Сургалт, уулзалтыг нээж, Аймгийн хууль зүйн хэлтсийн  дарга Д.Мөнгөнцэцэг сургалтын зорилго, төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд сум, баг хорооны хэсгийн төлөөлөгч, байцаагч  21 албан хаагч, 28 ухуулагч, нийт 49 хүн хамрагдсан байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газрын ажилтнууд оролцож, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Цагдаагийн байгууллагаас барьж байгаа бодлого зорилтын талаар  мэдээлэл хийв. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, “Эрх зүйн хөтөч, ухуулагчийн” ажиллах журам, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  архидан согтууралтай тэмцэх ажиллагааны талаар хэлэлцжээ. Сургалтын  үндсэн зорилго нь эрх зүйн хөтөч “Ухуулагч”-ийг иргэдийн дотроос бэлтгэн, тэднийг сургаж дадлагажуулан, хийсэн ажлынх нь үр дүнгээр урамшуулах арга замыг ойлгуулахад чиглэсэн байна. Мөн “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа 11 иргэнийг  аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулсан байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж