Намрын чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг баталж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг баталж чадах уу?

УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт завсарлуулж, гишүүд нутаг нутгийн зүг дөрөө харшуулах байсан ч чадсангүй. Чуулганыг цаг хугацаандаа завсарлуулж чадаагүй нэгдэх проблем нь УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг баталж амжаагүйтэй холбоотой гэж үзэж байгаа ч хамгийн том шалтаг шалтгаан нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль болчихоод буй юм. Уг нь УИХ хуулиа мөрддөг байсансан бол Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хоёр намын бүлгээс санаачлан, нэг их ажил удаад байхааргүй л байлаа. Учир нь одоогоос бараг дөрвөн жилийн өмнө буюу 2008 онд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулна гэдэг шийдэл гарчихсан хэрэг л дээ. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх сонирхол одоогийн олонхийн бүлэгт байхгүйгээс арга буюу цөөнхийн бүлгээс Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн хэрэг. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд бараг хоёр долоо хоногийн өмнө Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга, Засгийн газарт тус бүр өргөн мэдүүлсэн юм. Хоёр хуульд ижил заалтууд олон байгаа ч ганц эсрэгцэл нь орон нутгийн сонгуулийг зохион байгуулах цаг хугацаа зөрүүтэй байгаад л оршино. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан төсөлд “Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулна” хэмээн заагаад буй бол МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан төсөлд “Орон нутгийн сонгуулийг намар нь буюу аравдугаар сарын эхний хагаст багтаан хийнэ” хэмээн тусгажээ. Ийн орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулах болсон үндэслэлээ МАН-ын бүлгийн гишүүд “Хоёр сонгуулийг зэрэг хийж байсан туршлага өмнө нь байгаагүй. Дээр нь автомат системээр сонгуулийг явуулах. Нэг хэсгийн хороон дээр санал хураахад сонгогч 50-60 хүнээс тав, зургаан хүнийг дугуйлах учиртай. Энэ бүхэнд олон нийт бэлтгэлгүй байна. Дээр нь Засаг дарга нарын хувьд дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Бүрэн эрхийнх нь хугацаа гүйцээгүй байхад зун нь орон нутгийн сонгуулийг хийснээр Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэсэн шалтаг, шалтгаануудыг тоочиж сууна. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулснаар гарах зардлыг хэмнэх төдийгүй орон нутгийн сонгуульд оролцох сонгогчдын ирцийг 50 хувиас дээгүүр барих нь чухал байна хэмээн тайлбарлаж буй юм. Сүүлийн жилүүдэд болсон орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг сонирхвол 1996 оны орон нутгийн сонгуулийн ирц 72.1 хувь , 2000 онд 65.9 хувь, 2004 онд 67.2 хувь болж буурсан төдийгүй 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлд сонгогчдын ирц 50 хувьд ч хүрээгүй байна. Гэхдээ манайхан иймэрхүү зүйлдээ гаргуун болохоор шууд л автоматаар сонгогчдын ирцийг 50 хувьд хүргэж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг тодруулчихсан байгаа юм.  Хуулиараа бол энэ тохиолдолд орон нутгийн сонгуулийг дахин зохион байгуулах ёстой. Тиймээс дахиж ийм хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлэхгүйн тулд З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн дээрх төсөлд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд орон нутгийн сонгуулийг дахин зохион байгуулна гэж зааж өгөөд байна.

Нөгөө талаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар “Орон нутгийн сонгуулийг МАН нь намар зохион байгуулах сонирхолтой байгаагийн гол шалтгаан нь “УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон нь орон нутгийн сонгуульд өрсөлдөх давхар гарц хайж байгаатай холбоотой” хэмээн тайлбарлаад буй нь үнэхээр ч бас байж болох хувилбарын нэг билээ. Тиймээс энэ бүхнийг бодолцон хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах нь хаа, хаанаа үүсч болох хүндрэлийг даван туулах боломжтой хэмээн цөөнхийн бүлэг үзэн олонхийн эсрэг тууштай зогссоор байна. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх хоёр төслийг хэлэлцэхэд төслөө хамгаалан тууштай зогссоноор хэлэлцэхийг дэмжүүлж чадсан билээ. Гэхдээ цаашид хоёр төлийг нэгтгэх нь тодорхой боловч цаг хугацааны зөрүүн дээр хоёр бүлэг хэрхэн ойлголцож шийдэл гаргах вэ гэдэг нь олон нийтийн дунд хамгийн том хүлээлт үүсгээд байна.

Ямартай ч маргаашнаас эхлээд УИХ дахь хоёр намын бүлгийн төвшинд өөр, өөрсдийн төслөө хамгаалан зогсох шийдвэрээ гаргаж таарна. Гэтэл цаг хугацаа яваад байдаг. Цагаан сараас урьтаж Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аас батлахгүй бол эл хуулиар дамжуулан УИХ-д нэр дэвшигчид нь бэлэг сэлтээ тараахаас эхлээд шашин, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж, хуулийн цоорхойг жинхэнэ ашиглах болчихоод буй юм. Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр эл хуулийн төслийг цагаан сараас урьтаж батална гэдэг амаргүй аж. Түүнийг ч УИХ-ын дарга мэдсэн бололтой УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах өдрийг хугацаа заалгүй, цаг үеийн байдлаас хамаарч, өдөр цагийг дахин зарлахаар болж шийдвэрлэжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж