Нүүрсний салбарынхан хуралдаж дууслаа

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарынхан хуралдаж дууслаа

Хоёр өдрийн турш нүүрсний салбарын хөгжлийн хандлагыг хэлэлцэн, гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчдыг нэгэн дээвэр дор цуглуулж чадсан “Coal Mongolia 2012” чуулга уулзалт өндөрлөлөө. Өнөөдрийн хурлаар коксжих нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, байгаль орчин сэдвээр илтгэлүүд хэлэлцүүлсэн юм. Илтгэлүүдийн дараагаар хурлын танхимд цугласан хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч нарын төлөөллүүд санаа бодлоо илэрхийлсэн юм. Түүний дараагаар Солонгосын компанитай хамтран манай улс Налайхын далд уурхайн үйлдвэрийг сэргээх хамтын ажиллагаанд талууд гарын үсэг зурлаа.

Хамгийн сүүлчийн илтгэл буюу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрхзүйн зохицуулалтын талаар Кью Эм Си ХХК-ийн Ерөнхий захирал М.Дагвааас асуулаа.

-Зөвхөн энэ чуулга уулзалтаар ч биш, ер нь нүүрсний салбар цаашид илүү их хөгжинө гэдэг. Энэ нь нэгэн  цагт алтны хайгуул хурдацтай байгаад буурсантай ижил болох юм биш биз? 

-Үүнийг ярихын тулд харьцуулах зайлшгүй шаардлагатай юм. Уг нь өнөө цагт нүүрсний эрин үе эхэллээ гэж хэлэхэд болно. Үндсэндээ Ашигт малтмалын тухай хууль нь алтны хайгуул, олборлолтын эрх зүйн асуудал дээр илүү анхаарсан хууль юм. Яагаад гэхээр тухайн үед, ер нь хэдэн жилийн өмнө алт анхаарлын төвд байв. Алтыг нэг газраас удаан хугацаанд олборлоод байдаггүй бол нүүрс тийм биш. Тэр хуулийн заалтуудын хувьд алтан дээр түшиглэсэн учраас одоо цагт нүүрсний салбарын зохицуулалт үгүйлэгдэж байна гэж хэлээд байгаа юм. Ерөнхийдөө тухайн цаг үеэс хамаараад богино настай хуулиудыг батлаад баймааргүй байна. Хэрэгжилтийн тал дээр ч асуудалтай.

-Уул уурхайн нөхөн сэргээлтийн тал дээр ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Улс бүрийн байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж янз бүр байдаг юм. Манай орны хувьд дүйцүүлэн хамгаалах болон итгэлцлийн сангийн аргууд байна л даа. Нүүрсний уурхайн онцлог нь гүнд олборлолт хийдэг учраас эргээд тэрийгээ нөхөх буюу булах нь учир дутагдалтай. Хэсэгхэн газрыг нь булсанаар нөхөн сэргээлт хийчихлээ гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр энэ дүйцүүлэн хамгаалах гэдэг нь тухайн газраа олборлолт хийсэн бол тодорхой хэмжээний булалтын ажиллагааг хийхийн хамтаар ойр хавьд нь байрлах түүхийн, байгалийн дурсгалт газруудыг сэргээн, хөрөнгө оруулах замаар дэмжиж, дүйцүүлж болохыг хэлж байгаа юм. Нөгөө асуудал бол байгалийн даатгалын санг бий болгоно гэсэн үг. Энэ нь тухайн үед олборлолт хийсэн нь үнэн бол компани бүр тодорхой хэмжээний хураамжыг нэг санд төвлөрүүлж, түүгээрээ дараа нь эрсдэл гарах үед нөхөн сэргээлтийг хийж болно.

Сэдвийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн их анхаарал татсан санал зөвлөмжийг МУИС-ийн доктор, профессор Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Дондов хэлсэн юм. Тэрээр “гадаад дотоодын олон оролцогч төлөөлөгчид хэлэлцээд, нүүрсний салбарын хөгжлийг түргэтгэнэ гээд, түүний ашиг буюу ард түмний халаасанд юу орохыг, нүүрсний  уурхайн хайгуул дээр төрийн бодлого хэрэгтэйг сануулан, уурхайчин хүмүүсийн ар гэрийн байдлыг анхаарч, тэднийг дэмжих, анх ажилд авахдаа заавал туршлага нэхдэг практикыг халах хэрэгтэйг санал болгосон юм. Энэ нь хамгийн ихээр анхаарал татсан санал зөвлөмж байсан бөгөөд тэрээр цааш үргэлжүүлэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад шинээр ажилтан авах тодорхой ажилтны тоо заах хэрэгтэй гэж  хэлсэн юм. Харин үүний хариуд ард түмний халаасанд юу орох талаар Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рандольф Коппа “одоогоор ард түмэнд ашиг ирэхгүй. Нөөц ашигласны орлогыг эргэлтэнд оруулж, тухайн компанийн үйл ажиллагаа болон байгалийн нөхөн сэргээлтэнд буцаан ашигласан цагт ашгийг тооцож болох юм” хэмээн хариулсан.

Нүүрсний салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ Баянгол ресторанд 19 цагт болсоноор “Coal Mongolia-2012” албан ёсоор өндөрлөлөө. Ийнхүү нүүрсний салбарын гадаад дотоодын 700 гаруй төлөөлөгчдийг хамруулсан  чуулга уулзалт боллоо. Одоо үр дүнг хүлээх л үлдээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж