Каддафийн хүү Ливийг эргүүлэн авна гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Каддафийн хүү Ливийг эргүүлэн авна гэв

Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Каддафийн хүү Саади түр Засгийн газрын эсрэг бослого гаргана гэж сүрдүүлжээ. Хурандаа Муаммар Каддафи босогчдыг гарт амиа алдсаны дараа Ливиэс дүрвэн гарсан Саади Каддафи Нигерийн нэгэн телевизээр дээрх мэдэгдлийг хийсэн гэнэ. Тэрбээр Ливид өөрийг нь дэмжигчид олон байгаа төдийгүй түр Засгийн газарт ч түүний хүмүүс бий гэж ярьжээ. Ливийн төрийн дөч гаруй жил удирдсан хурандаа Муаммар Каддафи өнгөрсөн аравдугаар сард дарангуйллын дэглэмийг эсэргүүцэгч босогчдын гарт амиа алдсан билээ. Ливийн нийслэл Триполи хотод ажиллаж буй гадаадын сурвалжлагч нарын бичиж буйгаар Ливийн түр Засгийн газрын эрх баригчид Муаммар Каддафид үнэнч дэмжигчид бослого үймээн дэгдээхээс айж байгаа боловч Саади Каддафи эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдах боломж бараг байхгүй гэнэ. Арабын Аль-Арабия телевизэд утсаар ярилцлага өгсөн Саади Каддафи Ливийн төрийн эрх мэдлийг эргүүлэн авах боломжийг нэг ч хором хүлээхийг хүсэхгүй байна” гэж ярьсан гэнэ. Тэрбээр “Юун түрүүнд бослого хөдөлгөөн зөвхөн хэдхэн муж, хотуудаар хязгаарлагдахгүй. Цаг нь ирэхэд Ливийн бүх хот тосгодод эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлнэ.” гэжээ. Нигерид орогнож буй Саади эцгийнхээ дэглэмийн үеийн арми, цэргийнхэн болон түр Засгийн газрын албан тушаалтнууд болон гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байдаг гэнэ. Саади Каддафи өнгөрсөн наймдугаар сард түр Засгийн газар Ливийн нийслэл Триполи хотыг эзлэх үед эх орноосоо дүрвэн гарсан аж. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Мексикийн хууль сахиулагчид Саади Каддафийг тус улсын хилээр нууцаар гаргах гэж байсан гэмт хэргийн бүлэглэлийн нууц ажиллагааг илрүүлсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж