
“Twitter”-ээр цацагдсан дээрх мэдээллийг АНУ-ын тагнуулын ажилтнууд долоо хоногийн өмнөөс эхлэн нягтлан шинжилж байгаа аж. АНУ-ын тагнуулын нэгэн ажилтан “Дэлхийн хамгийн хаалттай энэ нийгэмд 100 хувь үнэн зүйл гэж байхгүй. Ким Чен Ун нас барсныг нотлох баримт бидэнд байхгүй. Тиймээс бид түүнийг нас барсан гэдэгт итгэхгүй байна” гэжээ. Дээрх учир битүүлэг мэдээллийн талаар шинжээчид Умард Солонгосыг өдөөн хатгаж, Өмнөд Солонгосын эдийн засгийг тогтворгүй болгох санаатай оролдлого гэж эхний таамгаа дэвшүүлсэн байна. Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир өнгөрсөн арванхоёрдугаар сард зүрхний шигдээсээр нас барсны дараа түүний бага хүү Ким Чен Уныг түүний залгамжлагчаар нэрлэсэн билээ. Дээрх мэдээллийн талаар Хятад болон Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.