Сүүлчийн тулаан: “Лейкерс” vs “Селтикс”

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Сүүлчийн тулаан: “Лейкерс” vs “Селтикс”

Бостоны “TD Garden” ордонд “Лос-Анжелес Лейкерс” зочлон тоглож, нэмэлт цагт ялагч нь тодорсон гайхалтай тоглолтыг үзэгчдэд барилаа. Энэ жил Бүх оддын тоглолтын гадна үлдсэн Пау Гасолийн шийдвэрлэх мөчид хатгаж оруулсан гоол багтаа тэнцээ авчирсан бол сүүлд Рей Аллен дээр хийсэн хаалт нь амжилттай болсноор “Лейкерс” хожил авсан. Үүний дараа NBA-ын тайлбарлагч, тоймч Грейг Сейгэр Кобигоос Бүх оддын тоглолтод Пау Гасол багтаагүй талаар сэтгэгдлийг нь сонсохыг хүсэхэд Коби “Энэ тухай анх удаа сонсч байна” гэх хариу өгсөн юм. Хариуд нь Сейгэр түүний дүү Марк Гасол анх удаа Бүх оддын тоглолтод оролцох болсон тухай дурдлаа.

Энэ үг чухам юуг илэрхийлэх вэ. Цаг явсаар…

Пау Гасол од биш болж, харин дүүгийнх нь ээлж иржээ. “Бостон Селтикс”, “Лос-Анжелес Лейкерс” багуудын “rival” буюу мөнхийн өрсөлдөөний номын хуудас ч хаагдах цаг нь болж.

Дөрвөн жилийн өмнө Пау Гасол дүү Гасолоор солигдож, нарлаг Калифорнид ирснээр Коби Брайнтын сэргэн мандалтын үеийг эргүүлэн авчирсан. Харин нөгөө талд Бостон шинэ үеийн “их гурвал”-ыг бүрдүүлэн сүр хүчийг үзүүлж, “Селтикс”-ийн амжилтын жилийг тунхаглаж байсан цаг саяхан. Түүнээс хойш багууд хоёр удаа шигшээд хоорондоо таарч тоглоод 2008 онд “Селтикс”, 2010 онд “Лейкерс” илүүрхэж байв. 66 жилийн түүхтэй дэлхийн хүчирхэг лигт хамгийн олон түрүүлсэн хоёр багийн шинэ цагийн дуэл ийнхүү сэргэсэн ч аливаа нэг зүйлд эхлэл байвал төгсгөл ч мөн байдаг нь бодит үнэн. Үнэний хуулиаар “Бостон Селтикс”, “ЛА Лейкерс” багуудын хүчирхэг өрсөлдөөний төгсгөлийн “анги”-ийг бид өчигдөр өглөө цэнхэр дэлгэцээр хүлээн авч, үзлээ. Магадгүй ердөө ганцхан жилийн дараа Кобиг Бостонд ирэхэд Кевин Гарнетт болон Рей Аллен “Бостон”-гийн бүрэлдэхүүнд багтаагүй байх биз. Эсвэл түүнтэй хамт үнэнч хамтрагч Гасол нь ирэхгүй байж ч болох.

Гасол 2008 онд “Лейкерс”-т асар их итгэл найдвар тээн ирж байсан бол одоо тэр үүргээ гүйцэтгээд, солилцооны “гол зэвсэг” болон хувирчээ. “ЛА Лейкерс” сайн холбогч хүсч байгаа, түүнийг нь өгч чадах багууд Гасолыг хүсч байна. Одомыг үнэгүй шахам явуулсан “Лейкерс” одоо Гасолыг холбон тоглогчоор солих уу, эсвэл… гэсэн сонголттой хүссэн, хүсээгүй нүүр тулаад буй. Тэд лидер байх ёстой, тэд аваргын төлөө өрсөлдөгч баг байх ёстой. Байсаар ч ирсэн. Тиймээс тэр жишгийг бууруулах эрх Мич Купчакт байхгүй.

Яг энэ жишиг “Бостон Селтикс”-т ч үйлчилнэ. Хэдийгээр Док Риверс энэ баг Рондогийнх хэмээн ам нээсэн ч “их гурвалынх” хэвээр байгаа гэдэг нь тоглолтоос тоглолтод харагдана. Гэвч нас ахисан гурван тоглогчийн хослолоо салгах цаг болсон гэдгийг удирдлагууд мэдэж байгаа, хөгжөөн дэмжигчид ч мэдэж байгаа. КейЖи, Аллен нар ч ойлгож байгаа. Бостоны “их гурвал”, Коби болон түүний “Лейкерс”-ийн эсрэг хийсэн сүүлчийн тулаан нь энэ байх болно. Мөнхийн өрсөлдөөний ээлжит хуудсыг хааж буйтай адил тоглолтын уур амьсгал өмнөх жилүүдтэй харьцуулахад зөөлөн байсан гэхэд буруудахгүй биз. Тэр хэмжээгээр олны анхаарлыг төдийлөн татаж чадаагүй.

Нэгэн цагт өнгө төрх, нүүр царай нь болж явсан NBA одоо тэднийх биш болжээ. Тэдний орон зайг “Майами Хит”, “Оклахома Сити Тандер”, “Миннесота Тимбервулвес” гээд залуу багууд эзэлж, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байна. Ирэх таван жилд “Майами Хит”-ийн их гурвал Дурантын эсрэг тулалдсан ширүүн түүх биднийг угтана. Гэхдээ “NBA-ын өнгөрсөн таван жилийн түүх хэнийх байсан бэ” гэж асуувал эргэлзээ байхгүй “Бостон Селтикс” vs “ЛА Лейкерс” мөнхийн тулааны шинэ түүх гэж би хариулна. Энэ орон зайг бий болгосон КейЖи, Рей Аллен, Пау Гасол нар ирэх жилийн өрсөлдөөнд байхгүй болно гэдэг гунигтай ч юм шиг…

                                            Б.Ялалт    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж