“Шүүгч нар эвлэлдэн нэгдэх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Шүүгч нар эвлэлдэн нэгдэх ёсгүй”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан орой 18.00 цаг өнгөрсөн хойно эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан хийсэн юм.

Хуулийн төсөлд жил бүр шүүгчдийн зөвлөлгөөнийг хийж байна хэмээн тусгасныг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эсэргүүцлээ. Тэрбээр “Шүүх жил болгон хуралдаж юу хийх юм. Сонин байна. Төсөв батлах уу, хууль тогтоох уу, хэрэг маргаан шийдэх юм уу, зовлонгоо ярих юм уу. Жил бүр 400 шүүгч цуглаж юугаа ярих юм. Ингэж хуулиар шүүгчдийн хурлыг зохицуулах ямар хэрэгтэй юм бэ. УИХ сүүлийн үед дүлий цэрэг шиг болсон. Юм ойлгодоггүй. Динозаврын тухай кино шиг юм болж байна. П.Цагаан бол шүүхийн хаалгаар ч орж үзээгүй хүн, шүүх ярих болоогүй. Чи шүүхийн зовлонг мэдэхгүй. Шүүгчид цуглаад зовлонгоос өөр юу ярих юм. Тэрэндээ хүрвэл манай системийн дарга нар бүсчилж уулзаад юмаа ярьдаг. Мөрдөн байцаагч муу бол шүүгч яаж ажиллаад ч нэмэргүй. Шүүгчид дангаараа зөвлөлдөөд яах юм” гэлээ. Гишүүн Х.Тэмүүжин Ц.Нямдорж сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд “Шүүгчид бөөнөөрөө нэгдэх систем байхгүй. Бүгдээрээ дотоод ухамсартай. Шүүгчдэд дотоод асуудлаа шийддэг зөвлөлгөөн бий. Шүүгч нар албан ёсны бүтэц болж эвлэлдэн нэгдэх ёсгүй” гээд энэ заалтыг татах санал гаргав. Ц.Нямдорж сайд “Хуулийн сургуульд шүүгчдийг өөрийн дотоод ухамсартай болгох гэж таван жил сургадаг. Гэтэл зөвлөлгөөн хийж бүгдийг нэг ижил сэтгэдэг, боддог, нэг ижил бүжиглэдэг болгох гээд байгаа юм уу” хэмээн байр сууриа хамгааллаа.

Төслийн “Шүүхийн шийдвэр бичих стандарт журмыг УДШ тогтооно” гэсэн заалт сайдын санаанд мөн нийцсэнгүй. “Монголд стандарт баталдаг ганцхан л газар байдаг” гээд  “Шүүхийн шийдвэрт стандарт гэж байх ёсгүй. Эд нар аргачлал гэх гээд стандарт гэсэн юм байлгүй, зайлуул” гэсэн юм. УДШ-ийн шүүгч Ц.Зандраа “Та шүүхийн тухай ярихаар дандаа ингэж доош хийж байх юм. Стандарт гэснээ аргачлал болгоё л доо” гэснээр хуулийн төсөлд аргачлал гэж тусгахаар болж гишүүд дэмжив.

“Төрийн болон хувь хүний нууцаас бусад шүүхийн шийдвэрийн талаар хязгаарлалт хийгээгүй бүх зүйлийг УДШ-ийн цахим хуудсанд нийтлэх эрхтэй” гэсэн заалт бас л сайдын зүгээс шүүмжлэл дагууллаа. Ц.Нямдорж сайд “Тухайн хүн ялаа эдэлж дуусаад бидний ижил жирийн хүн болдог. Гэтэл тэр хүний талаар гарсан шүүхийн шийдвэрийг илээр хэвлэж нийтэлбэл эхнэр хүүхэд, хамаатан саданд нь хэцүү болно. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүйд хортой. Хамт сурдаг хүүхдүүд нь шүүхийн шийдвэрийг олж үзээд “Танай аав ингэж хэрэг хийсэн” гээд байвал тэр хүүхэд эргэж сургуульдаа явахгүй л байх. Газрын маргаан зэргийн зүйл бол ч яахав. Эрүүгийн хэрэг явдалтай. Эцгийн хийсэн хэргийг хүүхдэд халдааж болохгүй” гэлээ. П.Цагаан зөвлөх “шүүхийн шийдвэрийг хаалттай болгох ёсгүй” гээд гадаад орнуудад шүүхийн шийдвэрийг ил тод байлгадаг жишгийг баримталснаа дурдахад сайд Ц.Нямдорж “2,8-хан сая хүн амтай Монголд бүгд бие биеэ мэднэ. Хэдэн живаа хүнтэй оронд бол хамаа алга. Тэд бие биеэ танихгүй. Монгол хүн, Монгол оронд таарсан хууль байх ёстой. Монголын онцлог гэж бий. Цөөн хүн амтай орны хууль гэж бодож хуулиа хийгээч” гэсэн хариу хэлэв.

Харин гишүүн Х.Тэмүүжин “Шүүхийн шийдвэрийг ил тод болгох нь Ц.Нямдорж сайдад ч хэрэгтэй. Шүүгч ямар хэрэгт ямар шийдвэр гаргасныг хянах нэг хэлбэр болно. Шүүгчдийг буруу шийдвэр гаргалаа гэж иргэд харддаг. Үүнийг цэгцлэх арга нь шүүхийн шийдвэрийг ил болгох явдал. Ингэж хариуцлагагүй шүүгч хариуцлагатай болох ёстой. Хэргийн процессыг харин нууцалж болно” гэж байлаа.
Гишүүд хуулийг 2013 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж