Пентагон армийн тэргүүн шугамд алба хаах эмэгтэй цэргийн албан хаагчдын тоог хэдэн мянгаар нэмэх шинэ журам гаргажээ. Энэ журам нь ажлын байр нэмэгдүүлэхээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын өмнө тулгардаг олон саад бэрхшээлийг арилгах гэнэ. Пентагон дээрх журмын талаар Конгресст танилцуулах бөгөөд хууль тогтоогчид эсэргүүцэхгүй бол ажлын 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм байна. АНУ-ын армид эмэгтэй цэргийн албан хаагчдад эрчүүдтэй адил боломж олгодгүйгээс өндөр албан тушаалд дэвших, амжилт гаргах нь бага байдаг аж. 1994 онд Пентагон эмэгтэй цэргийн албан хаагчдыг тулааны талбар руу илгээхийг хориглосон юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Батлан хамгаалах яам эмэгтэй цэргийн албан хаагчдыг сувилагч, армийн цагдаа, тагнуулын ажилтнаар томилдог байсан ч тэргүүн шугам руу илгээдэггүй байв. Харин тусгай ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг тагнуулын шинжээч, хуулийн зөвлөх, захиргааны зөвлөхөөр хязгаарлагддаг аж. АНУ-ын Батлан хамгаалахын салбарт эмэгтэйчүүдэд хаалттай 250 мянга гаруй албан тушаал байдгаас 14 мянгыг нь тэдэнд нээхээр болж байгаа гэнэ.
Н.Энх