Багш нарт мөнгөн тэтгэлэг олгохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Багш нарт мөнгөн тэтгэлэг олгохыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг нь төслийн хэлэлцүүлгийг ирэх дөрөвдүгээр сар хүртэл хойшлууулъя гэсэн санал гарч байсан ч одоо хэлэлцье гэсэн саналтай гишүүн дийлэнх байснаас ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Д.Оюунхорол нарын гишүүдийн саналаар боловсролын салбарт 25 болон түүнээс дээш жил багшаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багшид сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг, хэрэв сум, тосгоны сургуульд 10 ба түүнээс дээш жил багшилсан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлгийг нэг удаа, сургуулийн өмчийн хэвшлийг үл харгалзан өгөхөөр тусгахыг гишүүдийн олонх дэмжлээ. Тэтгэлэгт сургуулийн манаач, галч, слесарь, нярав, нягтлан зэргийг цалингийн сүлжээ харгалзан хамруулах нь зүйтэй гэж Д.Оюунхорол гишүүн хэлсэн юм.

Харин гишүүн Д.Очирбат “Хувийн хэвшлийн сургуулийн багшид яагаад төрөөс нэмэгдэл тэтгэлэг өгөх ёстой юм” хэмээн дургүйцэв. Гишүүн С.Эрдэнэ хариуд нь  “Чи хувийн хэвшлийн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү. Хувийн хэвшлийг үзэж чаддаггүй муу коммунист” гэхэд Д.Очирбат гишүүн С.Эрдэнэ гишүүнийг “хувьдаа сургуультай болоод тэгж байна” хэмээн “хардав”. С.Эрдэнэ гишүүн “Миний нэр дээр нэг ч хувийн сургууль байхгүй. Би бол ардчилагч. Чам шиг архи, тамхины бизнес эрхэлдэггүй” гэснээр хоёр гишүүн хэсэг зуур тохилцоод авав.

Үүний дараа хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг таван жилийн хугацаагаар сонгож, ажлын үр дүнгээс хамааран дахин нэг удаа хугацаа сунгах заалт оруулахыг гишүүд дэмжив. Мөн шашны сургалттай дунд сургуулиудад ерөнхий эрдмийн хичээлийг заавал оруулах, жирийн ерөнхий боловсролын бүх шатны сургуульд шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглох нь зүйтэй гэлээ. Хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө гэж төсөлд тусгахыг мөн дэмжив. Гишүүд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дараа нь үргэлжлүүлж зарчмын зөрүүтэй таван саналыг тусган чуулганы хуралдаанд оруулахыг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж