
Тиймдээ ч энэ л ангиас Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Ц.Эрдэнэцог, шинэ зууны монголын зураасан зургийн нэрт төлөөлөгч Ж.Болд, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Говийн зэрэглээ” гээд кино урлагийн дорвитой бүтээл бүтээлцсэн зураач Р.Төгөлдөр, “Гарьд магнай”, “Гарын таван хуруу” киноны ерөнхий зураач Д.Энхболд, олон өгүүллэг болон роман бичсэн зохиолч, зураач П.Баатарсүрэн, доктор, профессор Ц.Эрдэнэцог, монументаль урлагийн олон сайн бүтээл туурвисан зураач Д.Наранжав нар төрөн гарч бүтээлээрээ олны танил эрхмүүд болсон билээ.
Өнөөдөр эдгээр зураачид уран зургийн төрөлд дорвитой сайн бүтээлүүд хийж байгааг Ж.Ганхүү, Б.Батбилэг нарын байгалийн уран зураг, Ц.Цэгмэд, Ц.Бат-Энх, Х.Үнэн-Энх нарын сэтгэлгээний сэдэвт бүтээл, Р.Төгөлдөрийн түүхийн сэдэв зураг, Б.Насанцэнгэлийн хөрөг зургийн бүтээл зэргээс харж болно. Тэд арван наймуулаа энэхүү ангийг төгссөн. Зарим нь гадаад оронд амьдарч байгаа ч энэ үзэсгэлэндээ уран бүтээлийнхээ цомгийг илгээжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагчид “Энэ анхны үзэсгэлэнгээр “Бид өнөөдөр” ямар уран зураг зурж, юу бүтээж байгаагаа олон түмэндээ дэлгэн үзүүлэхийг зорьсон. Манай ангийн нөхдүүдээс сайн бүтээл туурвиж монголын дүрслэх урлагийн санг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.