Хятад Араб хувьсгалаас айв уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Хятад Араб хувьсгалаас айв уу?

Дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн өсөлтөөр бусад хүчирхэг орнуудыг залгиж буй Хятад “үгүй” гэж хэлэхэд дэлхий нийтээр үүнийг хүлээн зөвшөөрөх болжээ. Үүний нэг жишээ нь Хятад Сирид яаралтай арга хэмжээ авах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саналд саад хийж, ОХУ-тай нэг тал болсон явдал юм. Сирид 11 сарын турш үргэлжилж буй цуст мөргөлдөөнийг зогсоож, Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцруулахад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноос Хятад, ОХУ саад болсон нь Сирийн асуудлыг мухардалд оруулаад байна. ОХУ, Хятадын дээрх хоригийг АНУ, өрнөдийн орнууд эсэргүүцэж, шүүмжлэлээр “булж” эхэлсэн. ОХУ Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцож, эрх баригчдын дэглэмийг унагахын эсрэг байгаа бөгөөд Ерөнхийлөгч Башар Аль-Ассадтай хэлэлцээ хийж, хүчирхийллийг зогсоох арга зам хайхаар Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Дамаск руу илгээсэн билээ. “The Global Times”-т бичсэнээр Хятад Сирийн асуудлаар хориг тавьсан нь ОХУ-тай холбоотон гэсэн үг биш. Хятад, ОХУ-ын ашиг сонирхол Сирид адилхан тусч байгаад учир бий аж. Хятадын дарга Ху Жинтаогийн туслах, ирээдүйн удирдагч Си Жинпиний  ирэх долоо хоногт АНУ-д хийх айлчлалын өмнө буюу өчигдөр Хятадын Гадаад хэргийн дэд сайд “Аюулгүйн зөвлөлийн саналд Хятад хориг тавьснаас болж бид АНУ-тай таагүй харилцаатай байгаа боловч Хятад-АНУ-ын хоорондох харилцаа, олон улсын хэмжээний асуудалд сэв суух ёсгүй” гэж мэдэгдсэн байна. Сирийн асуудалд хориг тавьсан шалтгаанаа Хятад Ливийн түүхийг дахин давтахыг хүсээгүй гэж мэдэгдэж байгаа юм. Ливид олон улсын нислэгийг хориглосон НҮБ-ын шийдвэрийг НАТО буруугаар ашиглаж, хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг унагаж, бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхисон гэж Хятад буруутгаж байна. Сирид өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш тус улс иргэний дайны хөлд нэрвэгдэж, амиа алдагсадын тоо хэдэн мянгад хүрээд байна. Дайны хөлд нэрвэгдэж, хохирсон энгийн иргэд цус асгаруулсан аллага, хүчирхийллийг зогсоохыг гуйж байгаа тухай тус улсад суугаа олон улсын сурвалжлагч нар бичиж байгаа юм. Гэсэн ч Сирид дэлхийн хүчирхэг орнуудын ашиг сонирхол тусч буйгаас энэ орон дэлхийн хамгийн халуун цэг болоод байна. Европын комиссын 2010 онд явуулсан судалгаанаас харахад Хятад улс Сирийн гуравдагч том импортлогч аж. Нөгөө талаар Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саналд хориг тавьсан нь Араб хавар хувьсгалын шуурга явж явж Хятадад халдварлах вий гэхээс Бээжин болгоомжилж буйн илрэл гэж ажиглагчид бичжээ.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж