Оюутны 70 мянгыг ирэх долоо хоногоос олгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Оюутны 70 мянгыг ирэх долоо хоногоос олгоно

Монголын их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас оюутны тэтгэлэг хэлбэрээр сар бүр 70200 төгрөг олгохоор болсон. Өнөөдрийн байдлаар 84 сургуулийн 136,637 суралцагчийн нэг сарын тэтгэлгийн мөнгө болох 9.6 тэрбум төгрөгийг сургуулиудын дансанд шилжүүлээд байгаа аж. Ихэнх сургуулиуд өөрсдийн зүгээс шалтгаалах бэлтгэлээ базааж, тэтгэлгийг тараахад бэлэн болсон тул ирэх долоо хоногоос арилжааны банкуудаар дамжуулан тухайн банкин дахь оюутнуудын данс руу шилжүүлж эхлэх юм байна. Эхний ээлжид нэгдүгээр сарын мөнгийг олгох ба хоёрдугаар сарын санхүүжилт орж ирмэгц энэ сарын тэтгэлгийн мөнгийг олгох аж. Тухайн сургууль аль нэг банктай хамтын ажиллагаатай бол тэрхүү банктайгаа, үгүй бол оюутны хувийн данс руу шилжүүлэх ажээ.

Оюутнуудын тэтгэлэг нь үндэсний, урамшууллын гэсэн хоёр төрөлтэй байх аж. Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 70200 төгрөг байх бөгөөд зохих шалгуурыг хангасан өдрийн ангийн суралцагчдад суралцах хугацаанд нь сар бүр олгох юм. Түүнчлэн оюутнууд урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Улирал дараалан голч дүн сайтай суралцвал сар бүр урамшууллын мөнгө дансанд нь нэмж орох юм. Ингэхдээ эхний сард 30 мянга, дараагийн сард 40 мянга гэх зэргээр өсөн нэмэгдэх аж.

МУБИС-ийн оюутнууд Хаан банкны цахим картаар тэтгэлгийн мөнгөө авахаар болжээ. Тус сургуульд 9000 орчим оюутан суралцдаг. Тун удахгүй салбар сургуулиудаас нэгдсэн мэдээлэл ирмэгц тэтгэлгийн мөнгийг тарааж эхлэх гэнэ.

ЭМШУИС-ийн тухайд нийт 5206 оюутан тэтгэлэгт хамрагдах аж. Оюутнуудын дийлэнх нь өөрсдөө банкны харилцах данс, цахим карттай тул оюутнуудад шинэ данс нээлгүйгээр, хувийн  данс руу нь тэтгэлгийн мөнгийг шилжүүлэхээр болжээ. Хэрэв цахим картгүй бол оюутан өөрөө хүссэн банкинд карт нээлгэх хэрэгтэй гэнэ.

ШУТИС нь 36 мянган оюутантай. Оройн ангийн 5905 оюутан тэтгэлгийн мөнгөө авах эсэх нь тодорхойгүй байсан ч өнөөдөр асуудлыг шийдвэрлэж, БСШУЯ-ны сайдын тушаалаар ШУТИС-ийн оройн ангийг өдрийн ангиар тооцох болсон юм. Тус сургууль нь Голомт болон Улаанбаатар банктай хамтын ажиллагаатай байдаг тул оюутнууддаа дээрх хоёр банкны цахим картыг үнэ төлбөргүй нээж өгөх аж. Түүгээр дамжуулан тэтгэлгийг мөнгө олгох гэнэ.

Хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын хувьд ч мөн оюутнууд ирэх долоо хоногоос тэтгэлгийн мөнгөө авах боломжтой юм. Тухайбал, Ховд аймгийн Ховд их сургууль нь гурван салбар сургуультай. Тэдгээр нь тус бүртээ Голомт, Хаан, Төрийн банк, Хас банкны салбараар тараах гэнэ. Мөн Дорнод аймгийн Дорнод их сургууль оюутны тэтгэлгийн мөнгийг Голомт банкны цахим картаар дамжуулан олгох аж. Тэтгэлгийн мөнгийг оюутнуудын дансанд шилжүүлсэн бөгөөд тус сургуулийн оюутнууд даваа гаригаас мөнгөө авч болох нь ээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж