Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

МАХН мэдэгдэл гаргав

МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Н.Удвал, Л.Цог, хуульч О.Баасанхүү нарын хүмүүүс өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. МАХН-ын удирдлагууд  “2012 оны сонгуулиар  Засгийн эрхийг гартаа авахын тулд  улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр гүтгэж  байна” хэмээн мэдэгдсэн юм. “ 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гаргах зардлын жишгийг тойрог болгоноор тооцож, нэг нам эсвэл нэг эвсэл 20 орчим тэрбум төгрөг зарцуулах болсон нь мөнгөөр эрх мэдлийг гартаа авах гэсэн  санаархал” хэмээн тэд үзэж байгаа аж. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан дээрх  шийдвэрийг дахин нягталж үзэхийг МАХН-ын  зүгээс шаардаж байгаагаа ийн албан ёсоор илэрхийлж байгаа ажээ. МАХН-ын удирдлагууд мөн энэ үеэр “МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2009 оноос хойш хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа  нь улс төрийн зорилгоор ямар нэг хэрэгт унагах гэсэн санаархал” хэмээн мэдэгдээд дараах хоёр мэдэгдлийг танилцуулсан юм. МАХН-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


МЭДЭГДЭЛ


2012 оны 2 дугаар сар 10.                                                   Улаанбаатар хот.

МАХН нь үйл ажиллагаандаа ямагт шударга ёсыг баримтлахыг хичээж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн төр, засаг, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан шудрага ёсыг уландаа гишгэж, өшөө хонзонд хөтлөгдөн улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр хэлмэгдүүлэх бусармаг үйл ажиллагаа явуулж буйг буруушааж, дараах байр сууриа илэрхийлж байна. Үүнд:

  1. МАХН ба түүний дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллагууд өнөөгийн эрх баригчдын өгсөн хууль бус үүрэг даалгаврын дагуу ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулах зорилгоор удаан хугацаанд шалгах нэртэйгээр түүнийг өөрийг нь болон гэр бүлийнхэн, ойр дотно ажиллаж байсан болон байгаа хүмүүсийг хомроголон хэлмэгдүүлж байгаа нь нэгэнт тодорхой болсон билээ. Тухайлбал, Н.Энхбаярыг шалгах үйл ажиллагаа явуулах нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа өрнүүлэхдээ хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зөрчсөөр байгаа нь тэдгээр байгууллагууд улс төрийн захиалгаар хүмүүсийг хэлмэгдүүлэх буюу ардчилсан нийгэмд байж болшгүй бусармаг үйл ажиллагаа явуулж буйг нотолж байна.
  2. МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бүтэн 3 жилийн турш бараг тасралтгүй мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэв тэрээр үнэхээр хууль зөрчсөн бол аль хэдийн тогтоогдох хангалттай хугацаа өнгөрчээ. Гэтэл сонгууль ойртох тусам МАХН-ын нэр хүнд өсч, түүний даргын нэр хүнд өндөр байгаад өнөөгийн эрх баригчид тэвдэн сандарч, тэдний өгсөн хууль бус даалгаврын дагуу ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан шалгалтын явцад Н.Энхбаяр нь буруугүй, холбогдолгүй нь тодорхой байсаар байтал түүнтэй холбоотой зохиомол хэргийг хаахгүйн тулд аар саар юмаар хөөцөлдөж, олон хүний ажлыг алдагдуулж, төсвийн ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдүүлэх ажиллагаагаа улам эрчимжүүлсээр байна.
  3. Саяхан Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярыг шалгаж байгаа нь улс төрийн зорилгогүй гэж мэдэгдсэн нь чухамхүү улс төрийн зорилгоор түүнийг мөшгин шалгаж байгаагаа цааш нь зохиомол хэрэгт тулган холбогдуулахын тулд улам идэвхжүүлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа баталлаа.
  4. Хууль хяналтын байгууллагын удирдлага нь өөрсдөө өмнө нь элдэв луйвар, авлигад холбогдож байгаагүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцож байгаагүй бол хэн нэгний дарамт, шахалт, барьцаанд оролгүй шудрага байж, мөрдөн байцаах, шалгах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах чадвартай байх нь ойлгомжтой. Харамсалтай нь Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас эхлэн хууль хяналтын бусад байгууллагын удирдлагад ажиллаж буй зарим хүн дээрх шаардлагад нийцэхгүй байгаа тул тэд хуулинд захирагдах бус, харин улс төрийн зорилгоор хуулийг захиран завхруулах нь ойлгомжтой байна.
  5. МАХН ба түүний дарга Н.Энхбаяр нь хууль хяналтын байгууллагын хуулийн дагуу явуулж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмждэг бөгөөд ялангуяа үнэнийг олж тогтоох гэсэн аливаа оролдлогыг нь хэзээ ч эсэргүүцэж байгаагүй билээ.
  6. Харин улс төрийн  зорилгоор хүнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагынхны ийм чиглэлийн бусармаг үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө хатуу эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг дахин мэдэгдэж байна.
  7. Хууль хяналтын байгууллагууд ганцхан Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор онилон шалгаагүй, харин үнэнийг олж тогтоохын төлөө ажиллаж байгаа нь үнэн юм бол түүнийг шалгахын зэрэгцээ шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан бүх хүмүүсийг шалгах нь шудрага ёсонд нийцнэ гэж бид үзэж байна. Үүнд:
    • П.Очирбат – 1992-1997 онууд Анхдугаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан,
    • Н.Багабанди – 1992-1996 онуудад УИХ-ын дарга, 1997-2005 онуудад 2дох Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан,
    • Р.Гончигдорж – 1996-2000 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
    • С.Төмөр-Очир – 2001-2004 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
    • Ц.Нямдорж – 2005-2007 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
    • Д.Лүндээжанцан – 2007-2008 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
    • М.Энхсайхан – 1996-1997 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
    • Ц.Элбэгдорж – 1997-1998, 2004-2006 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
    • Р.Амаржаргал – 1999-2000 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
    • М.Энхболд – 2006-2007 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
    • С.Баяр – 2007-2010 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан нарыг хуулийн дагуу шалгаж, эдгээр хүмүүстэй холбооотойгоор сүүлийн 20 орчим жилийн хугацаанд яригдаж, бичигдэж байгаа ноцтой асуудлуудын үнэн, худалыг олж тогтоох нь авлига, хээл хахууль, шудрага бус явдалтай тэмцэхэд чухам алхам болно гэж үзэж байна. Эс тэгвээс хууль хяналтын байгууллагынхан МАХН-ын дарга, 3дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор, заавал хэрэг төвөгт холбогдуулахаар онилон шалгаж байгаа нь давхар нотлогдох нь гарцаагүй. МАХН нь шудрага ёсыг тогтоохын төлөө цаашид ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно.
  • Мэдэгдэл

    2012 оны 2 дугаар сар 10                                                    Улаанбаатар хот

        Өнөөгийн эрх баригчид 2008 оны луйврын сонгуулиар гарч ирсэндээ амтшиж, 2012 оны сонгуулиар дахин луйвардаж, өөрсдийнхөө өнөөгийн албан тушаалыг баталгаажуулахыг улайран хөөцөлдөж байгааг МАХН, шудрага ёсыг эрхэмлэгч улс төрийн хүчин, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг бус удаа анхааруулан сэрэмжлүүлж байсан билээ. Үүнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

    1. Саяхан МАН-АН-гийн гар хөл болсон Сонгуулийн Ерөнхий Хороо гэгч байгууллага УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардлын жишгийг тойрог бүрээр тооцон гаргажээ. Энэхүү тооцоотой танилцвал нэг улс төрийн нам, эсхүл эвсэл нь нийтдээ дангаараа 20 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
    2. Энэ тооцоо гэгч нь МАН-АН-гийн хууль бусаар хөрөнгөжсөн олигархуудаас өөр улс төрийн хүчин, шудрага хүн дааж давахын аргагүй зардал мөн бөгөөд тэдний сонгуульд шудрага өрсөлдөж гарах бололцоог хаах гэж цаанаасаа хортойгооор эртнээс бодож төлөвлөсөн увайгүй оролдлого мөн гэж дүгнэж байна.
    3. Энэхүү СЕХ-ны тооцоог дахин нягтлан үзэж, шудрага сонгууль явуулах зорилготой уялдуулан шинээр тогтоохыг шаардаж байна.
    4. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох МАН-АН-гаас өөр улс төрийн хүчин, эсхүл эвсэлд олигархуудаас биш, улсын төсвөөс санхүүжилт өгч, өгсөн санхүүжилтийг тухайн улс төрийн хүчин, эсхүл эвслийн авсан суудалтай нь уялдуулан зохицуулах шудрага зарчмыг хэрэгжүүлж, улс төрийн өрсөлдөөний тэгш нөхцлийг хангах бодлого, шийдвэр гаргахын өнөөгийн эрх баригчдаас шаардаж байна.
    5. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн өндөр ёс суртахуун гаргаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй тухай гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд өнөөгийн УИХ-д луйврын сонгуулиар шургалсан бүх гишүүдэд хандан Э.Бат-Үүл гишүүний үлгэр дууриалалыг дагаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна. Ингэх нь та бүхний хувьд нэр төрөө цэвэрлэх, монголын ард түмний өмнө үйлдсэн гэмт үйлдлээ цайруула, нийгэмд шудрага ёсыг эгүүлэн тогтооход чухал алхам болно гэдгийг анхааруулж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж