"Ирэх онд С.Удвал гуайн 90 нас ой тохионо. С.Удвал гуай бол өөрийн бичсэн "Их хувь заяа" роман шигээ хувь төгөлдөр хүн юм. Ийм гавьяатай хүн Монголд байтугай Азид байхгүй. БНМАУ-ын АИХ-ын депутатаар 14 удаа сонгогдож байсан. "Хоёулаа миний хүү", "Хүргэн хүү", "Мартагдашгүй гурван жил", "Үер" зэрэг олон арван кино зохиол, шилдэг бүтээлээрээ мөнхөрсөн. Монголын зохиолчдын хорооны барилгыг бариулсан гээд түүний гавьяаг хэдэн зуунаар ярина" хэмээн Монголын "Саран ээж" нийгэмлэгийн ерөнхий менежер Т.Бат-Очир онцолсон юм.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд утга уран зохиол, урлаг соёлын үе үеийн төлөөлөгчид болох Ардын уран зохиолч, "Болор цом"-ын эзэн Т.Галсан, Ш.Сүрэнжав, утга зохиол судлаач шүүмжлэгч, доктор профессор С.Дулам тэргүүтэй урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг цаашдаа уламжлал болгон зохион байгуулах бодолтой байгаагаа зохион байгуулагчид сэтгүүлчдэд дуулгасан. Тус бага хурлын үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваа "Би С.Удвал хэмээх эрхэм хүний үед амьдарч байснаараа бахархдаг. Тэрбээр Монголд төдийгүй дэлхийд нэртэй сод эмэгтэй. Түүний хэлсэн, бичсэн бүхэн чин үнэний толь байснаараа бидэнд жишээ болдог байлаа. Өнөөгийн залуус эх оронч сэтгэлгээнээс нь байнга суралцах хэрэгтэй гэж боддог" хэмээн хуучиллаа.
Ардын уран зохиолч Т.Галсан "С.Удвал ахайтны тухай яривал их хугацаа орно. С.Удвал багшийн үед Монголд 240-өөд зохиолч байсан юм. Мориор бол булгидаг, хүнээр бол дэндүү давардаг зүггүй хүнийг нэгэн эвэнд зангидаж, нэгэн зүгт залж байх чадвартай хүн тухайн үед С.Удвал багш л байлаа. Залуучуудад ээж нь, багш нь болдог. Ахмад үеийнхэндээ нэг ангийн хүүхэд шиг дотно сайхан сэтгэлээр амьдрал ахуй уран бүтээлд нь тусалдаг. Нийгэм утга зохиолын их үйл хэрэгт тэднийг бүгдийг нь татан оролцуулж чаддаг агуу хүн байсан. С.Удвал багшийн үед Зохиолчдын хороо Төрийн ордон дотор цуг байсан. Засгийн газар Зохиолчын хороо нь нэг дор байдаг улс байдаггүй л дээ. Ингээд бодохоор утга зохиол ямар нэр хүндтэй болгосныг илтгэж байна. Гэвч сүүлдээ утга зохиолыг үзэл суртлын хавсрага болгох, гэхээр нь түүнээс зайлсхийж хэд хэдэн газар нүүж байсан. Монголын зохиолчдын хороо нүхгүй хулгана шиг байх үед зохиолчдоо цуглуулах, уран бүтээлийг нь шүүн хэлэлцдэг байлаа. С.Удвал багш тулдаа л дээрээс төрөөс доороос түмэн олноос дэмжлэг авч чаддаг,тэр хэрээрээ хотын төв хэсэгт одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн хажуухан талд газар аваад сайхан уран бүтээлийн ордонтой болгосон. Гэтэл өөр бусад уран бүтээлийн байгууллагууд тэгж байж чадаагүй шүү ээ. Сүүлд энэ байшинг нь булаах гэж хотын дарга нар санаархаж байлаа. Тэгэхэд аугаа их С.Удвал хатагтайн байгуулсан авьяас билгийн ордон энэ бөлгөө" гэсэн батламжийг нь би хөөцөлдөн гаргаж өгөхөд яаж ч чадахгүй байсан л даа. Монголын зохиолчдыг бүх салбарт ажиллуулах, тэгж байж нийгмийн олон талт сэдэвтэй зохиол бүтээл туурвиулах,мэргэжлийн зохиолчдыг бүтээн байгуулалтын оргилуун үе хаана байна, тэнд цалинтай ажиллуулахыг манай С.Удвал багш л чадаж байлаа шүү дээ. Энэ олон талт ажлынхаа хажуугаар "Ханийн үг" гэдэг мундаг сайхан ном бичсэн. Тайз дэлгэцийн их олон бүтээлтэй хүн дээ. Тухайлбал, нэгдэлжих хөдөлгөөний тухай "Хүргэн хүү" кино байна. Амьдралын их далайг мэдлэг хүн учраас л багш маань уг киног бичсэн" хэмээн хуучиллаа. Багш маань "Намрын халуун өдрүүд" кинондоо түүхэн хүмүүсийн үнэн гавьяа, хэлсэн үгийг нь тод томруун гаргасан. Багшийн маань зүрхэн дотор эх орон, эх орончид нь байсан нь зохиол бүтээлээс нь тод харагддаг. Энэ хөдөлмөрийг нь Монгол төдийгүй дэлхий дээд шагналаа олгосон шүү дээ" хэмээн бахархан ярилаа.
Б.Анхцэцэг