Эдийн засгийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулган болно

“Монголын эдийн засгийн чуулган 2012” бодлогын хэлэлцүүлгийг ирэх гуравдугаар сарын 5, 6-нд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Оюун, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг хэлэлцүүлгийг гурав дахь удаагаа “Хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байгаа бөгөөд чуулганы хүрээнд Эдийн засгийн хөгжил: Оролцоотой өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инноваци ба ногоон шийдэл гэсэн гурван чиглэлээр салбар хуралдаанууд хийх юм байна.

Эхний салбар хуралдааны хүрээнд баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт, төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт, эрсдэл, түүний удирдлага, нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, даван туулах нь, эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар зэрэг сэдвийг хэлэлцэх бол удаах салбар хуралдаанаар ядуурал, эрүүл мэндийн асуудал, тэтгэврийн тогтолцоо зэргийг ярих аж. Гуравдугаар салбар хуралдаанаар инновацийн орчин, технологийн гарц, сэргээгдэх эрчим хүч, усны шийдэл зэрэгт анхаарал хандуулах юм байна.

Чуулганд оролцогчдыг хоёрдугаар сарын 25 хүртэл бүртгэнэ гэдгийг энэ үеэр зарлалаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа ч энэ нь иргэдийн бодит амьдралд хэрхэн нөлөөлж буй, иргэдийн амьдрал дээшилж, ядуурал буурч байгаа эсэх зэргийг нарийвчлан авч үзэх юм байна. Сүүлийн үед Монголын эдийн засаг гадаадынхны анхаарлыг ихээр татах болжээ. Монголын имиж, нэр хүнд нь зөвхөн ашигт малтмал, уул уурхай төдийгүй шинжлэх ухаан, инноваци, оюун ухаан шингэсэн үйлдвэрлэл болохыг гадна талд таниулахад чуулган ач холбогдолтой юм байна. Зөвхөн нүүрсээр эрчим хүчний эх үүсвэрийг хангах бус сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, салхины парк гэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Монгол Улс 150 орчим тэрбум тонн нүүрсний нөөцтэй ч энэ нь асар их нүүрстөрөгч гаргадаг тул сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд анхаарахаар болжээ.

Өрсөлдөх чадварын хэмжүүрийг тогтоох, Монгол Улсын өрсөлдөх чадварыг бодитоор үнэлэх, дэлхийн 200 гаруй орны дотор энэ чадвараараа хаана яваа зэргийг чуулганы үеэр ярилцана гэлээ.

Чуулганаас ямар нэг шийдвэр, тунхаг гаргахгүй, тэмдэглэл гаргана. Гэхдээ гарах ач холбогдол нь хоосон тунхаг, шийдвэрээс илүү байх болно гэдгийг оролцогчид хэллээ. Уламжлал ёсоор сэтгүүлчид чуулганд идэвхтэй оролцож зарим салбар хуралдааныг тэргүүлэх юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж