Даавуун дээл энэ жилийн гангараа

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Даавуун дээл энэ жилийн гангараа

Уншигч та сар шинийн баярын гоёлоо хараахан сонгож амжаагүй байна уу? Тэгвэл танд зориулан энэ жилийн сар шинийн баярын дээлний чиг хандлага, загварын талаар мэдээлэл хүргэе. Жил бүр Цагаан сараар энгийн үйлчлүүлэгчдээс эхлээд улс төр, бизнес, урлаг соёл, спорт гээд салбар, салбарын олны танил эрхмүүдийн гоёлыг урладаг “Монгол костюмс” төвийн загвар зохион бүтээгчдээс туслалцаа авсан юм.

Даавуун дээл энэ жилийн гангараа

Та дээлнийхээ материалыг сонгохоор зэхэж байгаа бол завсрын, ууссан өнгөтэй, цэвэр даавуу зонхилсон байхаар сонгохыг үндэсний хувцасны чиглэлээр мэргэшсэн загвар зохион бүтээгчид зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, торгоноос татгалзаж, даавуун материалыг чухалчлах болсон гэсэн үг. Зарим  даавуун материал  бөөгнөрөх, амархан үрчийх, сунах зэргээр дээл хийхэд тохиромжгүй байх нь бий. Тиймээс япон, солонгос, энэтхэг даавуунаас сонголтоо хийхийг зөвлөж байна.  Даавуун материал нь байгалийн өнгөтэй, монгол үндэсний хэв маягт  илүү тохирдог гэнэ. Түүнчлэн сайн чанарын даавуугаар хийсэн дээл удаан бүсэлсэн ч үрчийлт өгдөггүй, нүнжигтэй харагддаг тул хүмүүсийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хээ хуар бүхий материалаас татгалзах болсон тухай үндэсний дээл урлаачид хэлж байна.  Хэрэв та сар шинийн баярын гоёлдоо торгыг эрхэмлэж байвал түүхий торго, эсвэл ветьнам, энэтхэг торго сонгохыг зөвлөж байна. Та дан, цулгуй өнгийн даавуу сонгосон бол эмжээрийг нь торгоор хийвэл дэгжин харагдана. Энэ жил уламжлалт загвартай дээлийг хантааз болон хүрэмтэй хослуулан өмсөх хандлага их ажиглагдаж байгаа. Өнгөний хувьд шар, цагаан шаргал өнгө голлох гэнэ.

Бүсгүйчүүд даруухан загвар сонгож байна

“Монгол костюмс” төвд ирж буй монгол дээлний захиалгаас эмэгтэйчүүд даруухан загварын дээлийг чухалчлах болсон нь харагджээ.

Загвар зохион бүтээгчид ч  энэ сонголттой санал нэг байгаа аж. Энэ нь нэг талаар нэг удаа өмсөөд орхих хээ хуар бүхий чамин дээлнээс илүү цаашид энгийн үед ч өмсч болохтой холбоотой гэнэ.  Гол нь, охид бүсгүйчүүд бэлхүүс тодотгосон дээл өмсвөл илүү дэгжин, чамин харагддаг гэдгийг санаж байх хэрэгтэй.

Монгол үндэсний уламжлалаа тодотгохын тулд загвар зохион бүтээгчид босоо зах, урт шилбэ, товчийг хэзээ ч өөрчилж болохгүй гэж үргэлж захидаг. Энэ жил ч мөн эдгээр туслах хэрэгсэлд “гар хүрч” болохгүй гэдгийг зөвлөж байсан.

Эрэгтэй дээлний гангараа сэлүүртэй мөнгөн товч

Харин эрчүүдийн тухайд дийлэнх нь жирийн монгол дээлээр гангарах төлөвтэй байна. Эрэгтэй дээлний гол гангараа нь мэдээж товч. Сэлүүртэй мөнгөн товчтой дээл өмссөн эрчүүд нүнжигтэй агаад намбалаг харагддаг гэнэ шүү.

Малгай…

Эр хүний тэргүүндээ залсан малгай хамгийн чухал гоёл. Тэр тусмаа Цагаан сартай салшгүй холбоотой зүйл нь малгай. Энэ удаад дизайнеруудын зүгээс дөрвөн талтай малгайг загвар санал болгож байна. Малгайны нэг чих буудаг байх тусмаа илүү дэгжин харагддаг. Тийм учраас дөрвөн талын аль нэгийг нь буудаг байдлаар шийдсэн малгай “моодонд” оржээ.  Эмэгтэйчvvдийн хувьд малгайны сонголт харьцангуй их. Залуухан бүсгүйчүүд дугуй малгайг сонгох нь насны хувьд тохиромжтой бол ахимаг, өндөр настнууд  булга, үнэг, далайн хавын арьсан  малгайг сонгож байна. Малгайн дээд орой нь дээлний өнгөтэй адил байх ёстойг анхаараарай.

Монгол дээл захиалгаар хийлгэх үнийн тухайд:

“Монгол костюмс” төвийн захиалгын үнийн хувьд энгийн дан дээл 250-400 мянган төгрөг, хантааз, хүрэмний хамт хийлгэхэд 480-650 мянган төгрөг байх гэнэ. Энгийн европ загварын хувцас дээр монгол загвар оруулж, хантааз урлуулъя гэвэл 180-280 мянган төгрөгийн ханштай байна. Малгайны хувьд хатуулгатай, хатуулгагүй, булга, үнэг, хамбан материалаас хамаарч харилцан адилгүй үнэтэй. Мөн үндэсний хээ угалз дарах эсэхээс үнэ хамаарах гэнэ.

Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж