Баталсан тогтоолоо хүчингүй болгож, бас сэргээв

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Баталсан тогтоолоо хүчингүй болгож, бас сэргээв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд санал хураалтын шатанд унагасан нь маргаан дагуулж, улмаар унагасан төслөө дахин сэргээж батлахад хүргэлээ. Тодруулбал, энэхүү зээлийн хэлэлцээрийн хүрээнд нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг түшиглэн Үндэсний оношлогооны төв байгуулах зорилгоор  Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг хоёр тал байгуулаад байсан юм байна. Хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар тус бүр гарын үсэг зурж, баталгаажуулан улмаар байнгын хороогоор зээлийн хэлэлцээрийг зөвшилцөөд байсан. Зээлийн нөхцөлийн хувьд жилийн хүү нь 0.5 хувь, 35 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамаарна. Үндэсний оношилгооны төв байгуулах ажил эхэлчихсэн, харин ийм үед гишүүд асуудалд хариуцлагагүй хандаж унагасан явдал нь УИХ-ын Тамгын газрын хуульчдын бүрэлдэхүүнийг гарц хайхад хүргэсэн төдийгүй, гишүүд ч өөрсдөө бачимдан хуулийн гарц хайхаас аргагүйд хүрэв. Мөн гишүүд өөрсдөө “Хариуцлагагүй алхам хийлгээ” гэдгээ ч  хүлээн зөвшөөрч байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбарласнаар бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийн ирц хангалтгүй байхад санал хураалт явуулсан нь ийнхүү будилаан дагуулсан гэж байсан юм. Мөн ажил нь эхэлчихсэн асуудалд УИХ ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байсан. Ганц хоёр хүн санал шүүмжлэл хэлэнгүүт хэлэлцээрийг унагаж болохгүй, асуудлыг тэр даруй нааштайгаар шийдвэрлэх ёстой” гэж байлаа.

УИХ-ын Тамгын газрынхан гарц хайсны эцэст хуульч нь, “Ирц хангалтгүй байхад санал хураалгасан гэсэн үндэслэлээр Засгийн газраас дахин асуудлыг оруулж ирэх боломж байна” гэсэн бол үүнийг сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг буцаах санал гаргах боломжтой. Ингэсэн цагт буцаагаад тогтоолоо сэргээх боломжтой гэж үзсэн юм.

Ингээд Зээлийн хэлэлцээрийг батлах боломжгүй гэсэн үндэслэлээр санал хураалгахад хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 40 нь тогтоолыг батлах боломжгүй хэмээн үзэв. Мөн  түрүүчийнхээ санал хураалтыг хүчингүй болгоё гэдэг санал хураалт явуулахад 41 гишүүнээс 33 нь дэмжив. Улмаар дахин санал хураалт явуулахад гишүүдийн 34 нь дэмжиж, хуулийг соёрхон баталснаар БНСУ-аас 35 жилийн хугацаатай жилийн 0.5 хувийн хүүтэй 300 сая ам.долларын зээлийг УИХ-аас ийнхүү соёрхон баталсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаан одоо завсарлаад байна. Үдээс хойш чуулганыг хуралдуулах эсэх нь цаг үеийн байдлаас шалтгаална гэлээ. Учир нь үдээс хойш байнгын хороодын хуралдаан зарлаад байгаа тул чуулган давхар хуралдах тохиолдолд ирц бүрдэхгүй байх талтай болж буй юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж