НӨАТ-ын ”босго оноо”-г нэмснээр ЖДҮ-ийг дэмжиж чадна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын ”босго оноо”-г нэмснээр ЖДҮ-ийг дэмжиж чадна

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөг­жүүлэхэд Засгийн газраас сүүлийн жилүүдэд онцгой анхаарч эхэлсэн.Энэ хүрээнд өнгөрсөн жил л гэхэд 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хөн­гөлөлттэй зээл олгох эх үүс­­вэрийг бий болгосон юм. Засгийн газ­рын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг, дунд үйлдвэрийн газраар дам­жуулан хөнгөлөлттэй зээлийг хэрэгцээтэй хүмүүст нь “тараах” арга хэмжээг эхлэхийг үйлдвэрлэгчид маань хэдийнэ хүлээгээд эхэлчихдэг болсноос харахад зээл үр дүнгээ өгч байгааг харуулж буй биз. Энэхүү зээлийг авсныхаа хүчинд зах зээлд хөл алдахгүй үйлдвэрлэл эрхлээд жижиг хэмжээний үйлдвэр байгуулаад өөрсдийнхөө ч өрөөлийн ч амьдралыг гал алдуулахгүй зал­гуулж яваа хүн манай зах зээлд олон бий. Хэдийгээр Засгийн газраас анхаарал хандуулж, хөнгөлөлттэй зээл, тусламжийг олгож байгаа ч мартагдаад байгаа нэг асуудал бол “Нэмэгдсэн өртгийн албан татвар авах босго мөнгөн дүнг нэмэх” хэмээн жижиг, дунд үйлдвэрлэгчид нэгэн дуугаар хэлж байгаа юм. Тэд “Улирлын орлого арван сая төгрөгт хүрсэн тохиолдолд орлогынхоо 10 хувийг нэмэгдсэн өртгийн албан татварт өгөх нь бидэнд хэцүү байна” хэмээн гомдоллож байсан юм.

Тиймээс энэ талаар Жижиг, дунд үйлд­вэрийн газрын дарга Ц.Ням-Осор ямар бодолтой байгааг сонирх­сон юм.


-Жижиг,  дунд үйлдвэрлэл эрх­лэг­чид нэмэгдсэн өртгийн албан татварын босго мөнгөн дүнг нэ­мүүлэх саналтай байдаг юм билээ. Энэ талаар танай газарт ямар нэ­гэн санал ирүүлдэг үү?

-Одоогийн мөрдөж байгаа нэ­мэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг аль 1998 онд баталсан. Тухайн үеийн арван сая төгрөг одоогийн арван сая төгрөгийн ханш ямар байгаа билээ. Өнөөдөр жижиг хэмжээний үйлдвэрлэл эрхлэгчид бүгд л энэ төрлийн татварыг төлөх бол­чихоод байгаа юм. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчид ийм са­нал гаргах нь үндэслэлгүй зүйл биш л дээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхийн тулд ядаж л тайлангаас эхлээд олон бичиг баримт бүрдүүлж, аж ахуйн нэгжийн статустай болсон байх шаардлагатай. Иймэрхүү сана­лууд манай газарт ирдэг шүү.

-Энэхүү саналыг нь харгалзаж үзээд холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх тухайд танай газар ажиллах ёстой. Ингэж чадаж байна уу. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай газраас энэхүү саналыг нь судалж үзээд нэмэгдсэн өртгийн албан татварын босго мөнгөн дүн болж байгаа арван сая төгрөгийг 100 сая, эсвэл түүнээс ч илүү хэмжээгээр тог­тоох юм бол жижиг, дунд үйлдвэр­лэгчдийг дэмжихэд түлхэц болно гэж үзэж байгаа. Үүнийгээ ажил хэрэг бол­гохоор ажиллах болно.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж