-Ардчилсан намын бүлэг УИХ, болон орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулах ёстой гэсэн байр суурийг ба¬римталж байгаа. Үүнийгээ хамгаалж хуулийн тө¬сөл өргөн барилаа. Ер нь УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулах ямар шаардлага байгаа юм бэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн ч орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчилж амжаагүй байгаа. Тиймээс шинэчилсэн хуульд байгаа сайн заалтуудыг орон нутгийн хурлын сонгуулийг явуулахад мөрдөх зорилгоор уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тухайлбал, мөнгө тарааж болохгүй, хууль зөрчсөн бол тооцох хариуцлага, автомат машинаар тоолох зэргийг шилжүүлэн хэрэглэхээр тусгасан. Ер нь монголчууд дөрвөн жилд дөрвөн удаа улс төржиж байгаа. Тиймээс жил бүр болдог сонгуулиудаас хамгийн том гэсэн хоёрыг нь нэг зэрэг явуулбал засгийн ажил саатахгүй. Хоёр удаа очиж санал өгөхийн оронд сонгогчид нэг удаа л саналаа өгнө. Мөн сонгууль явуулахад зориулж гарч байгаа зардлыг хоёр дахин хэмнэх боломжтой.
-Харин ч бичиг цаасны ажил нэмэгдэж ажлаа дийлэхгүй болох юм биш үү?
-УИХ-ын энэ удаагийн сонгуулиас эхлээд цаашид сонгогчдын саналыг автомат ма¬шинаар тоолж, иргэдийн бүртгэлийг ухаалаг үнэмлэхний мэдээлэл дээр үндэслэж хийх юм. Энэ нь сонгуультай холбоотой маш олон механик ажлыг хөнгөвчилнө гэсэн үг. Санал өгөхөд будилаад байх зүйлгүйгээр УИХ болон орон нутгийн хурлын сонгуульд нэг саналын хуудас хэрэглэнэ. Түүнийг нь хүн биш машин тоолно. Тэгэхээр харин ч бүх үйл ажиллагаа хялбаршиж байгаа юм.
-Сонгуулийн ерөнхий хорооноос нэрсийн жагсаалтыг нэг хуудсанд гаргахаар сонгууль өдөртөө багтахгүй байх магадлал¬тайгаас гадна сонгогчид будилах нь энүү¬хэнд гээд байгаа шүү дээ?
-Бид энэ асуудлыг тооцож үзсэн. Тийм зүйл гарахгүй. Сонгуулийн ерөнхий хороо энэ ажлыг хэрэв хийж чадахгүй юм бол ажлаа өг. Хийж чаддаг хүмүүс нь хийнэ биз. Тэгээд ч монголчууд чинь 100 хувь бичиг үсэг мэддэг тул нэг өдөр нэрсийг уншаад саналаа өгөхөд нэг их будилаад байхгүй байх гэж бодож байна.
-Хэрэв УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулбал сонгогчдын бараг тал хувь нь сонгуулийн штабт ажиллаж сонгууль будилаантна гэсэн байр суурийг Ардын намын зарим гишүүн илэрхийлж байсан?
-Хуулиа л мөрдөх юм бол сонгуулийн үеэр ямар ч будилаан гарахгүй. Хуулийн төсөлд сонгуулийг буди¬лаан¬туулдаг олон асуудлыг үгүй хийсэн заалтууд оруулсан. Тухайлбал, сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилаантуулах боломжийг хаасан. Арав хоногийн өмнө бүх зүйлийг хаачихаж байгаа учир нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй сонгогч санал өгөх эрхгүй болох жишээтэй.
-Засгийн газраас хуулийн төслийн талаар санал авах хүсэлт хүргүүлсэн гэсэн. Ямар хариу өгсөн бэ?
-Засгийн газраас УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэдэг хариу өгсөн. Орон нутгийн иргэдийн хурлын хугацаа аравдугаар сард дуусгавар болно хэмээсэн. Харин үүнийг бид шалтаг гэж бодож байна. Орон нутгийн хурал бол хууль тогтоох байгууллага биш орон нутгийнхаа иргэдийн саналыг илэрхийлдэг төрийн бус байгууллага л гэсэн үг. Тиймээс нэг удаа хугацааг нь нийлүүлж авахгүй бол хэзээ ч нийлэхгүй гэсэн үг л дээ. Ер нь Ардын намынхан УИХ-ын сонгуульд ялагдсан ч орон нутгийн хурлын сонгуульд ялна гэсэн тооцоо хийсэн учир энэ асуудлыг эсэргүүцээд байна гэсэн хардлага төрөөд байгаа. Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь намуудын хувьд эрсдэлтэй л дээ. Хэрэв ялалт байгуулбал бүх шатанд ялна. Ялагдвал бүх шатанд унана. Тиймээс улсын ажлыг ойлгомжтой болгож, бие биенийхээ ажилд садаа болдогоо болих хэрэгтэй.
-Чуулган завсарлах гэж байхад энэ асуудлыг хэлэлцэж амжих уу?
-Чуулган завсарлах боломжгүй байна. Төсвийн тодотголын хэлэлцүүлэг яагаа ч үгүй байна. Орон нутгийн хурлын сонгуулийн ту¬хай хуулийг баталж байж завсарлахгүй бол нэг аюул байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн мөнгө тараах асуудлыг нэгдүгээр сарын 1-нээр эцэс болгосон. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт багтаан гаргахгүй бол орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүс цагаан сараар бэлэг сэлт тараагаад эхэлнэ шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин