“Төгөлдөр” сангийн ээлжит бэлэг

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Төгөлдөр” сангийн ээлжит бэлэг

“Спартак”… XX зууны шилдэг балетыг үзэхээр үзэгчид догдлон хүлээж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр А.И.Хачатуряны “Спартак” балетыг энэ сарын 18, 19-нд сэргээн тоглох гэж байгаа юм. Хэдийнэ үзэгчдэд хүлээлт үүсгээд буй тус тоглолт нь “Төгөлдөр” сан, УДБЭТ-тай хамтран хэрэгжүүлж буй тав дахь төсөл юм. Өмнө нь П.И.Чайковскийн "Нойрссон гүнж", "Щелкунчик", Олон улсын балетын фестиваль, "Winter Star"-Жизель төслүүдэд хамтран ажиллаж, амжилттай хэрэгжсэн. Харин энэ удаад сонгодог урлагийг дээдлэн хүндэлдэг монголчууддаа сар шинийн баярын өмнөхөн “Төгөлдөр” сангаас барьж буй оюунлиг бэлэг нь хүчирхэг “Спартак” балет байх аж.

Оросын алдарт хөгжмийн зохиолч А.И.Хачатуряны “Спартак” балетыг Оросын алдарт балетмейстер Юрий Гиргоревичийн анхны тавилтаас сэдэвлэн балетмейстер Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва анх дэглэн 1984 онд ДБЭТ-ын тайзнаа тавьжээ. Тэр үед "Спартак" балетын гол дүрд Ардын жүжигчин агсан Ю.Оюун, О.Ганбаатар, О.Батсайхан, Х.Гэрэлчимэг нар бүжиглэж байж. "Спартак" балетыг Монголын тайзнаа анх тавихад байсан уран бүтээлчид одоо сэргээн тавихад голлох үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, гоцлон бүжиглэж байсан Гавъяат жүжигчин Х.Гэрэлчимэг нь энэ балетын ерөнхий бүжиг дэглээчээр, Ардын жүжигчин Б.Жамъяндагва зөвлөгчөөр, ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар ажиллаж байна.

Балетын гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Б.Саруул, Ч.Ганчимэг, Т.Батчимэг, О.Ганцоож, гоцлол бүжигчин М.Од нар тоглоно. Сонирхуулахад, “Спартак” балетын тасалбар худалдаанд гарсан бөгөөд 20,00, 40,000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж