Ардын намын бүлэг даваа гарагт хуралдаж, мягмар гарагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, дараа нь байнгын хорооны дарга нарыг “МАН”-жуулж эхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатар улираан томилохоор шийджээ. Энүүхэндээ гэхэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог “Томилгооны” байнгын хороо хэмээн шоглодог болоод байгаа. Тус байнгын хорооны бас нэг чухал ажил нь УИХ-ын гишүүн байх эсэхийг нь тэнсэн шийддэг шидтэй билээ. Тэгэхээр У.Хүрэлсүхээс дутахгүй дайчин, “эр зоригтой”, тэнэглэж ч, тэнцвэржүүлж ч чаддаг хүн гэвэл Ж.Сүхбаатар яах аргагүй мөн. Түүний мугуйдалж, зөрүүдэлж чаддаг нь хүртэл энэ намынханд хэрэгтэй шүү дээ. Түүний гангарах дуртай гал улаан галстук, ном уншиж зургаа авахуулах дуртай зэрэг нь хүртэл нэг юм хэлээд байгаа биз. Саяхан Дээд шүүхийн шүүгчээр томилогдож буй Д.Эрдэнэбалсүрэнг Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх болохоор хардаж байгаагаа илэрхийлэн “хөөрхөн” ялгараад авч байх жишээтэй. Энэ бол Төрийн байгуулалтын хорооны даргын бас нэг “давуу” тал. Ямар ч байсан улаан коммунист, үзэл бодол дээрээ тууштай зогсдог, сагсуу, ичиж зовох булчирхайгаа гээсэн, ирээдүйд дарангуйлагч болох дүр төрхийг агуулсан тийм л хүн энэ байнгын хороог өдийд толгойлох нь МАН-ынханд хэрэгтэй байгаа юм. Тиймээс МАН-ынхан бодлогоор түүнийг “save”-лэж үлдээлээ гэдэг нь үнэний ортой биз. Дараагийн парламент сонгогдох хүртэл “чухал” байнгын хороогоор олон ноцтой асуудлыг хэлэлцэнэ. Тэр тусмаа томилгоо, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн гэхчлэн албан тушаалтнуудын асуудлыг шийдэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо гол үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү “У.Хүрэлсүхийн” залуус Засгийн газарт биш ч УИХ-д том байр суурь эзэлж буй нь энэ.
У.Оргилмаа
"Улс төрийн тойм" сонин