-Энэхүү үзэсгэлэн худалдаанд хэчнээн аж ахуйн нэгж оролцож байна вэ?
-180 гаруй аж ахуйн нэгж, 90 гаруй иргэн оролцож байгаа. 800 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Эдгээр тоо цаашид ч өсөх боломжтой. Өөрөөр хэлбэл, 500-600 аж ахуйн нэгж байгууллага оролцох сонирхлоо илэрхийлсэн. Гэвч зай талбайн хүрэлцээ дутмаг байгаа учраас бүгдийг нь оролцуулах боломжгүй юм.
-Энэхүү үйл ажиллагааг энэ жил ямар онцлогтой зохион байгуулж байна вэ?
-Өнгөрсөн 2009-2011 онд 260 гаруй тэрбум төгрөгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин ажилласан. Энэ салбарт томоохон шинэ техник, технологи бүхий 100 гаруй үйлдвэр ашиглалтад ороод байна. Энэ жилийн хувьд үйл ажиллагаагаа тайлагнаж байгаагаараа онцлогтой.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ямар үр дүнтэй ажиллаж байна вэ?
-Бид 6000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч оролцсон зөвлөлгөөн зохион байгуулсан. Түүнээс 1012 төлөөлөгчийг оролцуулсан чуулга уулзалт хийгээд байна. Энэ үеэр бид ямар үр дүнд хүрсэн, цаашдын бэрхшээл юу байна, дутагдлаа хэрхэн засах, ямар ололттой зүйл байв зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөлгөөнөөс 20 гаруй заалт бүхий зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд эрхзүй, эдийн засаг, удирдлага зохион байгуулалт, сургалт, зөвлөх үйлчилгээг хэрхэн бий болгох, борлуулалтын сүлжээг дэмжих чиглэлийг тусгаж өгсөн. Энэ мэтчилэн олон асуудлыг хамтдаа хэлэлцэн ажиллаж байна. Үр дүнгийн хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт нэлээд нэмэгдсэн гэж ойлгож болно.
-Жил бүр цагаан сарын өмнө энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг юм бэ?
-Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө үйлдвэрлэгчид ололт, амжилтын үр дүнгээ тайлагнаж, баярыг тохиолдуулан хэрэглэгчдийн хэрэгцээг хангах журмаар зохион байгуулдаг юм. Түүнчлэн үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцож, үндэсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар өсөн нэмэгддэг ач хоблогдолтой. Ц.Ням-Осортой ярилцсаны дараа үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сонирхсон юм. Монгол гутал хийж, хувиараа бизнес эрхэлдэг Я.Баттулга бидэнд ийн ярисан юм. “Би энэ арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж хэчнээн ярьдаг ч үнэн хэрэгтээ зарим асуудал дээр хойрго хандаад байх шиг. Зай талбай хуваарилалтад энэ жил дүүргүүд их муу оролцсон гэж хэлмээр байна. Хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдэрлэгчдээс 10 гаруй төлөөлөл чуулга уулзалтад оролцсон юм. Тэр үед энэ талаар огт дурьдаагүй. Ингээд харахад зөвхөн холбоонд элссэн аж ахуйн нэгжүүдэд болон орон нутгийнханд лангуу хуваарилчихсан. Нийслэлээс оролцож байгаа үйлдвэрлэгчдээ орхигдуулсан байгаа юм. Тухайлбал, манайх гэхэд гудамжинд хаягдчихаад байгаатай л адил байна шүү дээ. Үүнийг хойшид анхаарах хэрэгтэй” хэмээв.
Үзэсгэлэн яармагт монголчуудаас гадна гэрэл зураг авч яваа гадаадын иргэд их таарч байлаа. Тор дүүрэн бараа авсан нэгэн хүнээс үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлийг сонссон юм. Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суугаа иргэн З.Нямсүрэн нь Хөвсгөл аймгаас ирсэн гэнэ.
-Та Хөвсгөл нутгаасаа энэхүү үзэсгэлэн яармагийг сонирхохоор зорьж ирэв үү?
-Би жил болгон үздэг л дээ. Заримдаа өөрөө ч оролцдог. Би нутагтаа рашаан сувилалын газар ажиллуулж, хүнсний ногоо тарьж, боловсруулдаг. Харин “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр оролдцог юм.
-Таны бодлоор хувиараа бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?
-Ер нь сүүлийн үед орон нутагт амьдарч байгаа иргэдийн хөдөлмөрийн идэвх эрс буураад байгаа. Энэ нь “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгөтэй холбоотой. Сонгуулийн амлалт гээд буруу бодлого явуулаад байх шиг санагддаг юм. Гэхдээ энэ бол миний бодол. Уг нь хүнсний бүтээгдэхүүний тариалалтыг цаашид өргөжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Дашрамд хэлэхэд, хөдөө нэг бэрхшээл бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагт явуулъя гээд төсөл боловсруулахаар сум, аймагтаа дэмжигддэг л юм. Гэтэл зээлээ авъя гээд банкинд очих үед барьцаа хөрөнгө нэхдэг. Тухайлбал, 20, 30 сая төгрөгийн зээл авахад 100 сая төгрөгийн хөрөнгийн баталгаа өгөх шаардлагатай болно. Хөдөө чинь ХААН банк л байдаг шүү дээ. Бидэнд яаж тэр их хэмжээний хөрөнгө байх вэ дээ.
-Таны бодлоор яавал энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юм бол?
-Төрөөс зөв бодлого явуулах хэрэгтэй. Ялангуяа банк, санхүүгийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгвөл зүгээр байна. Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн суурь нь жижиг дунд үйлдвэрлэл юм шүү дээ.
-Энэхүү үзэсгэлэн яармагаас таны анхаарлыг ямар бүтгээгдэхүүн татаж байна вэ?
-Би модоор үйлдвэрлэл явуулах санаатай байгаа юм. Энэ талаар түлхүү сонирхож явна. Энд тавигдсан нийт бүтээгдэхүүний үнэ бага зэрэг үнэтэй санагдлаа. Чанараасаа шалтгаалдаг биз. Магадгүй түүхий эдийн үнийн өсөлттэй ч холбоотой байх.
"Улс төрийн тойм" сонин