Монголын нүүрсний төлөө харийнхан хуйларсаар

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Монголын нүүрсний төлөө харийнхан хуйларсаар

Монголын нүүрс олон улсыг байлдан дагуулж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn-ээс хамтран зохион байгуулж буй “Coal Mongolia-2012” нүүрсний салбарт хөрөнгө  оруулагчдын чуулга уулзалт өчигдөр эхэл­лээ. “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриан дор энэ сарын 9-10-ны өдөр “SS convetion center”-д болж буй тус чуулга уулзалтад төрийн болон төрийн бус 300 гаруй байгууллагын 700 орчим төлөөлөгч оролцов. Мөн ОХУ, БНХАУ, Герман, Япон, Австрали зэрэг дэлхийн хөгжингүй 20 улс орноос төлөө­лөгчид хүрэлцэн иржээ. Уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт болон үйлчилгээ үзүүлдэг 62 томоохон компани үзэсгэлэнгээ дэлгэлээ. Дэл­хийн хэвлэл мэдээллийн хүчирхэг суваг болох Блоом­берг телевизээр энэхүү чуул­га уулзалтын талаарх мэ­дээллийг бүтэн сар гаруй хугацаанд цацсан нь “хөрөнгө оруулагчдын сонирхлыг та­тахад гол нөлөө үзүүллээ” хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байв. Чуулга уулзалтад оролцож буй улс орнуудын Элчин сайд, яам болон холбогдох агентлагийн удирдлагуудын дарга нар хүрэлцэн ирсэн нь нүүрсний салбарт  хамтран ажиллах боломж илүү нээлттэй болж  бай гааг харуулж байна.

“МОНГОЛЫГ ГАНЦХАН НҮҮРС ТЭТГЭНЭ” ГЭВ

Өнгөрсөн жилээс эхэлж экспортын бүтээгдэхүүн дотроос Монголын эдийн засагт оруулж буй ашгаараа нүүрс зэсээс хол давах болов. Уул уурхайн салбарт хамгийн хурдацтай хөгжиж байгаа энэ чиглэлд одоогоор нийтдээ 40 гаруй компани олборлолт явуулж байна. Тэд 2010 онд 25 сая тонн, 2011 онд 32.94 сая тонн нүүрс олборлож үүнээс 22.5 саяыг нь экспортолжээ. Чуулга уулзалтыг Элчин сайдууд нээж мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааны орлогч дарга Катлен Моренски “Нүүрсний зах зээл олон улсын асуудал юм гэдгийг монголчууд гүнээ ойлгосны илэрхийлэл энэ болж байна” хэмээлээ. Мөн ОХУ, БНХАУ, Канад, АНУ-ын Элчин сайд нар Монгол Улсад амжилт хүсээд “Уул уурхайн салбарын ашиг шимийг хүртэгч тал нь эцсийн дүндээ Монголын ард түмэн байх болно” гэдгийг онцлов. Манай улсын эдийн засаг нүүрсээс 2010 онд 248.1 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 295.2 тэрбум төгрөг халаасалжээ. Үүнийг өмнөх хоёр онд олсон ашгийг нь харьцуулахад  даруй 47 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарч байна. Энэ бол их мөнгө, их амжилт. Харамсалтай нь ард түмний амьдралд  энэ орлого хэрхэн нөлөөлж буй нь нүдэнд үзэгдэж, гарт баригдсан нь үгүй болов уу. Ямартай ч хүрэлцэн ирсэн төрийн удирдлагууд “Монголын эдийн засгийг ганцхан нүүрс тэтгэж чадна” хэмээн ам бардам хэлж байлаа.

МОНГОЛЧУУД ҮНЭГҮЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭНЭ

Манай орон нүүрсний хэр хэмжээний их нөөцтэй мөн хэр удаан хугацаанд ард түмнээ энэ салбараас олсон ашгаараа тэтгэж чадах вэ гэх асуулт урган гарч буй юм. Энэ үеэр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга Н.Болдхүү, “Glogex” группийн ерөнхийлөгч Л.Наранбаатар нартай уулзаж цөөн асуултад хариулт авлаа. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог. Одоо бай­гаа Монголын нийт хүн амын тоо­гоор гурван мянган жил, дэлхий нийтээрээ 160 жил ашиглах нүүрсний нөөц эх орны минь хөрсөн доор бий гэнэ. Тэд нүүрсийг гадаад зах зээл дээр гаргахын тулд хамгийн түрүүнд цахилгаан гаргаж авах хэрэгтэйг онцолсон. Энэ талаар Н.Болдхүү хэлэхдээ “Цахилгаан гаргах талаар олон улсын хөрөнгө оруулагчидтай Зас­гийн газар хамтран ажиллах гэ­рээнд гарын үсэг зурчихсан. Тийм болохоор хий хоосон ярьсан зүйл огт биш. Удахгүй ажил хэрэг бол­но” хэмээсэн. Тэрбээр цааш нь “Нүүрс­нээс 30 тэрбум киловат цахил­гаан гаргаж авна” гэлээ. Харин Ч.Хаш­чу­луун дарга “Нүүрсээ өндөр үнэтэй экспортолбол түүнээс олсон ашгаар монголчууд үнэгүй нүүрс хэрэглэх боломжтой. Бид нийт олборлосон нүүрс­нийхээ дөнгөж 3-4 хувийг нь хэ­рэглэдэг” гэх өөдрөг хариулт өгч байв. Уул уурхайн салбарын өмнө байнга тулгамдаж, айдас да­гуулж байдаг асуудал бол байс хий­гээд хүний амь эрсэддэг явдал. Дээрх  дарга нар хэлэхдээ уурхайд ажил­лагс­дын аюулгүй байдлын талд илүү анхаарч ажиллахаа онцол­сон. Түүнчлэн Л.Наранбаатар “Дэлхийн нүүрсний хэрэглээ­ний 60 хувь Азид байна. Тийм боло­хоор монголчуудад энэ асар том аз зав­шаан. Манай нүүрс хэзээ ч үнэ цэ­нээ алдахгүй, үргэлж эрэлттэй бай­на гэсэн үг. Монгол Улс саяхан нүүрснийхээ нөөцийг 8.5 тэрбум тонн гэж албан ёсоор олон улсад бат­луул­чихлаа. Энэ бол бидний ам­жилт. Иймээс гадаадын хөрөнгө оруу­лагчдад ам бардам үзүүлэх юмтай болсон” гэлээ. Тэгэхээр тэдний хэлж буйгаар Монголын эдийн засгийг удахгүй нүүрс эрдэнэ тэтгэж эхлэх нь ээ.

НАЛАЙХАД 1000 АЖЛЫН БАЙРТАЙ ДАЛД УУРХАЙ БАЙГУУЛНА

Ийнхүү нүүрсний салбарынхны олон улсын чуулга уулзалт өргөн цар хүрээтэй, өмнөх жилээсээ олон хөрөнгө оруулагчдыг хамруулсан арга хэмжээ үргэлжилж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 62 компани оролцож өөрсдийн онцлог, хийдэг ажлынхаа талаар ирсэн төлөөлөгчдөд тайлагнаж байлаа. Уул уурхайн салбар ийнхүү хөгжиж буй хэмээж байгаа боловч гар аргаар нүүрс олборлосоор л… Харин энэ байдлыг халах үүднээс нэгэн шинэ ажлыг эхлэхээр болжээ. Налайхын нүүрсний уурхайд тус дүүргийн иргэд хувиараа гар аргаар нүүрс олборлож амьдрал ахуйгаа залгуулдаг. Гэтэл тэдний аюулгүй байдал үргэлж алдагдаж, байнга хүний амь нас эндэж байдгийг төр засгаас анхаарахаар болсон гэнэ. Иймээс энэ оноос эхлэн хүний аюулгүй байдлыг хангасан, стандартын 1000 ажлын байр бүхий далд уурхай барихаар болжээ. Мөн үзэсгэлэнд оролцогч хайгуул, олборлолтын компаниуд дотроос шинээр олборлолтын ашиглах эрх аваад буй Канад, Монголын хөрөнгө оруулалттай “Mongolia-Minerals” компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уг компани баруун аймгуудыг нүүрсний хэрэглээгээр хангадаг Увс аймгийн Бөхморин сумын нутагт байрлах Хотгорын нүүрсний ордыг худалдаж авсан аж. Тус компанийн төлөөлөл хэлэхдээ “Манай компани Хотгороос нүүрс олборлох техник, эдийн засгийн үндэслэлээ хийж байгаа. Үүнийгээ хийсний дараа Баян-Өлгий аймгийн Даянгийн боомт хүртэл 325 километр даацын сайжруулсан авто зам тавьж Хятадын Шинжаан руу олборлосон нүүрсээ хүргэнэ. Тэнд Монголын нүүрсээр цахилгаан гаргаж авах мөн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах болно” хэмээсэн. Ямартай ч Монголын эдийн засгийн ирээдүйг тэтгэх нүүрсний хэтийн амьдрал яаж өөрчлөгдөж, түшээдүүд маань бидний орлогыг түм түмээр нь нэмэх торгон агшиныг харах л үлдлээ.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж