Хятадын инфляцийн салхи Монгол руу үлээж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Хятадын инфляцийн салхи Монгол руу үлээж байна

Манай улс хоёр хөршөөсөө инфляци
импортолдог. Өөрөөр хэлбэл, инфляци өсөхөд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь
ОХУ болон Хятадын эдийн засгийн байдал юм. Монгол Улс гадаад худалдааны
төлбөр тооцооны 17.4 хувийг юаниар хийдэг байсан бол энэ хувь хэмжээ
жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь
бүтээгдэхүүний орлого өсч буй нь ийнхүү юанийн эрэлт өсөхөд нөлөөлсөн
юм. Харин Оросын ша­тахууны бодлого Монголын эдийн засагт хэрхэн шууд
тусгалаа олж байгаа тухай толгойтой бүхэн мэддэг болсон цаг. Тэгэхээр
ОХУ, Хятадын эдийн засаг ямархуу байгаа талаар тоймлоё.

Хятадын эрх баригчид эдийн зас­гийн хэт өсөлтөөс үргэлж бол­гоомжилдог.
АНУ-ын моргейжийн зах зээлийн уналтаас үүдсэн эдийн засгийн хямралыг тэд
өөрсдөдөө ашигтайгаар овжин эргүүлж чадсан. Ам.долларын эсрэг юаниар
өрөг тавьсныхаа ачаар хямд үнэтэй бүтээгдэхүүнээ худалдаж, эцэст нь
дотоодын нийт бүтээгдэхүүн нь 10 орчим хувиар өссөн юм. Гэтэл энэ нь
эргээд үнийн хэт хөөрөгдөл үүсэхэд нөлөөлжээ. Өнгөрсөн сард Хятадад
инфляцийн түвшин 4.5 хувьд хүрчээ. Үүнээс хүнсний ба­раа, бүтээгдэхүүний
үнэ 10.5 хувиар өссөн байна. Хятадын эрх баригчид Японы Засгийн газрын
бондыг худалдан авч, Евро бүсийн хямралыг намжаахад хувь нэмрээ
оруулахаа албан ёсоор зарласан. Энэ нь олон улсын хэмжээнд АНУ-ын
“тэргүүлэгч”-ийн байр суурийг булаан авах сайхан боломж. Тиймээс тэд 2.5
их наяд ам.долларын нөөцөө ашиглахаар шийджээ. Гэхдээ Хята­дын 1.3
тэрбум хүн амынх нь дий­лэнх нь амьжиргааны баталгаат түвшнээс доогуур
амьдралтай бай­гаа. Өөрсдийнхөө ядуусыг хэрхэхээ мэдэхгүй байж, хаа
байсан чинээлэг европчуудыг бүтэн нойртой хо­нуулахын тулд арга хэмжээ
авах нь Хятадын Коммунист намын байр суурь ганхахад хүрэх аюултай юм.
Үнэхээр ч үүнтэй холбоотой шүүмжлэл тус улсад их гарч байна. Тиймээс
иргэдийнхээ сэтгэл санааг тогтворжуулахын тулд эрх баригчид нь
иргэдийнхээ дундаж цалинг нэмэх шийдвэр гаргажээ. Ирэх 2015 он хүртэлх
хугацаанд багтаж ца­линг дунджаар 13 хувиар нэмэхээр болсон. Одоогийн
байдлаар Хятадын томоохон хотуудад ажилгүйдлийн түвшин таван хувьтай
байгаа аж. Гэхдээ сүүлийн үед олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ
өсөх хандлагатай байгаа. АНУ, Европын холбоо Иран улстай хийх газрын
тосны худалдаагаа зогсоох шийдвэр гаргасан нь түүхий эдийн үнийн
өсөлтөд нөлөөлсөн юм. Энэ бүхэнд хариу болгож Хятадын Үндэсний хөгжил,
шинэчлэлийн хорооноос саяхан дотооддоо зарах түлш, шатахууны үнийг тонн
тутамд нь 300 юаниар нэмэхээр болжээ. Харамсалтай нь энэ нь тус улсад
үнийн хөөрөгдөл даамжрахад нөлөөлөх гол хүчин зүйл болох бололтой.

Өнгөрсөн сарын байдлаар тус улсын эрчим хүчний хэрэглээ өн­гөр­сөн оны
мөн үеийнхтэй харь­цуулахад 7.5 хувиар буурсан юм. Хятадад ийнхүү
хэрэглээ огцом буурах үзэгдэл сүүлийн хэдэн жил ажиглагдаагүй билээ.
Хүмүүсийн хэрэглээ багасна гэдэг орлого нь буурч буйн илрэл. Гэхдээ
өн­гөрсөн сард тус улсын үндэсний баяр болох Цагаан сар болсонтой
холбоотойгоор бүх нийтийн амралт эхэлж, томоохон үйлдвэрүүд түр
хугацаанд хаалгаа барьсан. Энэ нь хэрэглээнд нөлөөлсөн бололтой. Хятадын
Засгийн газар мөнгөний бодлогоо хумьж байгаагаас үүдээд тус улсын
гангийн үйлдвэрлэл буурсан. Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар
гангийн экспорт нь 100 мянган тонн болж багассан. Гэхдээ экспорт
буурахад нь Тайвань, Өмнөд Солонгосын гангийн эрэлт нөлөөлжээ. Түүнээс
гадна Тайваньд их хэмжээний үер болсноос тус улсад байрладаг Японы
автомашин үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон нь гангийн эрэлт буурах
нэг шалтгаан болсон юм. “Тоёота” тэргүүтэй компаниуд тээврийн хэрэгслийн
үйлдвэрлэлээ хумихаас өөр аргагүйд хүрээд байгаа билээ. Гангийн
бүтээгдэхүүний зах зээл багасч байгаа  нь төмрийн хүдрийн үнэд  нөлөөлөх
юм. Цаашилбал, нүүрсний үнэ буурах гол нөхцөл болж байна. Хятадын
Засгийн газар саяхнаас томоохон дөрвөн   банкныхаа юаниар нэрлэсэн
зээлийн хэмжээг нэмэх шийдвэр гаргасан. Өмнө нь 320 тэрбум юанийн зээл
гаргах байсан бол үүнийг 800 тэрбум юань болгон нэмжээ. Энэ бүхэн нь
үнийн өсөлтийг сааруулахад төдийлөн үр дүнтэй байхгүй л болов уу.
Ямартай ч Хятадад инфляци дахин нэмэгдэх эрсдэл бий болжээ.

Оросын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд нэлээд хувиар буурсан. Евро
бүсийн өрийн хямрал үүнд хамгийн их нөлөөлсөн юм. Европын үйлдвэрлэлийн
хэмжээ багассан нь Оросын зах зээлийг ч мөн л доргиожээ. “Bloomberg”-ээс
гаргасан мэдээлэлд дурьдсанаар бол Оросын эдийн засаг 2009 онд 7.8
хувиар өссөн. Гэтэл өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4.1
хувийн өсөлттэй гарчээ.

Уралын бүс нутаг дахь газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэл манай хойд
хөршийн эдийн засгийн гол ноён нуруу нь болдог. Харин 2010 онд нэг
баррель нь 78 ам.доллараар үнэлэгдэж байсан Уралын нефть өнгөрсөн онд
109 ам.долларт хүрчээ. Үнэ нь даруй 40 гаруй хувиар өссөн гэсэн үг.
“Ведомости” сонинд мэдээлснээр бол Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний
дөрөвний нэгийг энэ салбар дангаараа бүрдүүлдэг аж. Ирэх сарын 4-нд
болох Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулна хэмээн найдаж буй
Владимир Путин газрын тосны салбарт түшиглэж, эдийн засгийн өсөлтөө
зургаан хувьд хүргэнэ  хэмээн амлаж байгаа билээ. Гэхдээ газрын тос бол
байгалийн шавхагддаг баялаг. Оросууд энэ байдлаараа түүхий эдээ
экспортолсон хэвээр байвал нөөцгүй болох цаг хаяанд ирсэн. Тиймээс
сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүнээ хилийн чанад руу гаргахдаа илүү
өндөр үнэд хүргэж, бага хэмжээгээр борлуулах хандлага ажиглагдаж байна.
Энэ тухай “Ройтерс” агентлаг онцолжээ. Ямартай ч өнгөрсөн онд тус улсад
инфляци 4.2 хувьд хүрч, өнгөрсөн арванхоёрдугаар сард 6.1 хувь байснаас
нэлээд буурсан юм. Орос Дэлхийн худалдааны байгууллагад элсэх тухай
асуудлыг их удаан хөөцөлдсөн. Харин өнгөрсөн оны эцсээр энэ асуудал
нааштай тал руугаа хандсан юм. Дэлхийн ху­далдааны бүсэд Орос багтах нь
монголчуудад ашигтай гэдгийг эдийн засагчид нотолдог. Оросын талтай хийх
худалдаанд тарифийн хөнгөлөлт эдлэх зэргийн энд онцолж байгаа хэрэг.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж