АН-ын шонхруудыг Араб руу экспортлоё

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

АН-ын шонхруудыг Араб руу экспортлоё

З.Энхболд тэргүүтэй Ард­чилсан намынхан тунчиг завгүй явна, цаана чинь. Ард­чиллыг аврах зорилгоор “Шонхор” гэгч шувууны аж ахуйг байгуулж, баахан  мундаг зорилго тавьсан юм байх. Зорилгыг нь тоочвол намынхаа хун, галуу, хэрээ, тагтаа, бүргэд гэх мэтийн зүсэн зүйлийн шувуудыг шонхорын сүрэгт нэгтгэх гэнэ. Цаашлаад Монголын ард түмнийг ч тэр адилхан. Тэр дунд нь Ардын намын тодорхойгүй нэртэй шувууд ч багтах ёстой. Мөнхийн коммунист, мөнгөтэй социалист байна уу, хамаагүй. Хуйгаар нь нэгтгэнэ. Мөнөөх эсэргүү тодотголтой болчихсон Н.Энхбаяр на­рыг ч орхихгүй. Энэ мэ­тээр далавчтай болгоныг эрлийзжүүлэхийн зэрэгцээ шонхруудыг цус ойртох эмгэгээс аврах зорилготой гэж байгаа. Тэгээд санасандаа хүрвэл “Монголын тэнгэрт зөвхөн шонхор л ниснэ” гэсэн тунхгийг улс даяар хэрэгжүүлнэ. Тэд үед Монгол Улсыг “жигүүртний аймаг” хэмээгч биологийн төрөл зүйлээр нэрийдвэл гайхах зүйл үгүй. Мэдээж З.Энхболд тэргүүтнүүд “Шонхор өөрөө­сөө том шувуудтай тэмцэлдэж амьдрах орон зайгаа олдог” хэмээж буй тодорхойлолтоо амьтны аймгаас хүний нийгэмд үр дүнтэйгээр нутаг­шуулж чадвал шүү дээ. Гэхдээ юу л бол…

Учир нь шонхор бол шон­хор. Ардчилсан нам бол Ард­чилсан нам. Гол нь ард түмэн бол ард түмэн. Үүнийг мартсан хүн Монголд З.Энхболд тэргүүтнээс өөр тийм ч олон биш. Мөн “Ту­лаанд зөвхөн шонхрууд л оролцдог. Нүүдэлчдийн хувьд эрч хүч, эрх чөлөөний билэг тэмдэг нь шонхор шувуу байсаар ирсэн. Ер нь шонхор бол их өвөрмөц жигүүртэн. Өөрөөсөө том   шувуудтай тэмцэлдэж, амьд­рах орон зайгаа олдог. Энэ утгаараа бид өөрсдийгөө шонхор шувуутай адилтгаж байгаа юм” хэмээн өөрсдийгөө амьтнаас ялгаагүй гэдгийг ил тодоор нотлох зоригтнууд ч тэр цөөхөн л гарна байх. Гэсэн ч З.Энхболд тэргүүтэй Ардчилсан намын шонхрууд зорилгоосоо ух­рахгүй сурагтай.

 Яагаад…Үүнд З.Энхболд ги­шүү­ний  хувь  хүнийх  нь  онц­лог тодорхой хариулт өгнө. “Шонхор өөрөөсөө том шувуудтай тэмцэлдэж амьдрах орон зайгаа олдог” гэсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайханы магтаал түүний хувь хүнийх нь онцлогтой яг цав таарч буй учраас тэр. Нээрээ л З.Энхболд гишүүн бол З.Энхболд гишүүн. Г.Баярсайхан гишүүний тухайд ч чанарын ялгаагүй. УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш яг л З.Энхболд маягийн арга барилыг хуулбарлах болсон. Хувь хүний онцлог нь ч тэнцүүгийн тэмдгээр хэмжигдэнэ. Бусад шонхрын төрлийн тэмцэгчдийн хувьд ч мөн адил. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэхэд л “Би л шонхрын зоригтой болохоороо Н.Энхбаяр гэдэг мундаг хүнтэй цуцахгүйгээр УИХ-д өрсөлддөг” хэмээх зуршилтай нэгэн. Харин Д.Ганхуяг, Д.Одхүү зэрэг шонхруудын хувьд бол хэлэхэд хэцүү. Зориг зүрх хийгээд зорилго, зорилт хоёрыг нь яв цав тохирсон гэхэд шүү дээ… Үүгээр Ардчилсан намын шонхруудын тухай тодорхойлолтыг орхиод Монголын 2.7 сая иргэнийг хэрхэн шонхрын төрлөөр эрлийзжүүлэх арга барилаас нь сонирхъё.

Яаж тэр вэ…Ардчилсан намд нутагшсан өнгөрсөн 20 жилийнхээ турш шонхрын зоригоор бусдыгаа мохоож, мөхөөж, ялан дийлж чадаагүй тэд өнөөдрөөс эхлэн өөр ертөнцийн хүчийг ашиглах хэрэг үү. Бүргэд, тас, ёл мэт мундгуудын эд, эсийг ашиглан мутацид орох замаар ер бусын их хүчийг хуримтлуулчихав уу. Аль эсвэл арабуудын шонхор сургах хичээлд хэтэрхий их сайн суучихсан уу. Ямар ч байсан тэд Ардчилсан намыг шонхоржуулах замаар мон­голчуудыг шонхрын сүрэг бол­гон хувиргана. Хувиргахын тулд шонхрын аж ахуй байгуулж, өдөр болгон шонхрын 1-2 ширхэг өндгөөр та биднийг тэжээж мэдэх юм. Эс бол агнана. Арабууд Мон­голоос шонхор барьж, түүгээрээ ан агнаж зугаацдаг шиг… Үнэхээр л өөрсдийнх нь хэлээд байгаа шиг тэр шонхрын мөн чанар, эрч хүч энэ биед нь нуугдаж байгаа бол үүнээс өөр гарц үгүй. Энэ тохиолдолд юу яасан ардчилал. Амьтны аймгаараа эвлэлдэн нэгдэж, эв санаа нэгтэй амьдарсан түүх хүүхэлдэйн кино­ноос өөр хаана ч байхгүй болохоор шонхруудын байгуулах ардчилалд итгэхээс илүү айх нь их юм.

Тэгээд ч шонхрыг тойрсон эцсийн нэг тодорхойлолт нь сайн “сурагч”-ийн мөн чанар. Тийм ч учраас арабууд Монгол руу хошуурч, “Монгол шонхор сайн” хэмээн төрийн айлчлал хийх үеэрээ ч онцлох нь бий. Иймд Ардчилсан намын шонхруудыг Араб руу экспортлоход буруудах зүйл үгүй л болов уу. Тэгээд ч хувьсгал энд бус тэнд илүү их эрчтэй байгаа шүү дээ. Гол нь өнгөрсөн хугацаанд шонхрын зоригоор ардчиллаа зөв байгуулж чадаагүй байж одоо л ирж засаж, залруулж гэнэ дээ. Иймд тэдэнд Арабын тэнгэрт аж ахуй эрхэлж, жигүүртний аймгийг нь эрлийзжүүлэх боломж олгоцгооё. Эс бөгөөс энд үлдээлээ гэхэд “1+1=2” гэдэгтэй л адилхан үр дүн гарна шүү дээ. “А” даргыг “Э” даргаар солилоо гээд…

Г.Отгонжаргал

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж