
Маш нарийвчлалтай Монгол Улсын газрын зураг хэвлүүлэх, Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах, бөөний худалдааны төв байгуулах, нүүрс хийжүүлж түлш боловсруулах зэрэг асуудал тусгасан уг төслийг гишүүн Л.Гүндалай “Ямар мудак нь ийм төсөл боловсруулдаг байна аа” хэмээн гайхаж байлаа. Ашигтай ашиггүй баахан зүйлд зарах энэ мөнгийг ирээдүй үеийнхэн төлөх болно шүү дээ хэмээж байсан юм. Монгол Улсын ирээдүйн хөгжилд юу хамгийн чухал байгааг тооцсонгүй, хэн гэдэг хүн хоёроос бусад нь зээл авч хийгээд байх шаардлагагүй ажлын жагсаалт гаргасан бэ хэмээн Л.Гүндалай гишүүн асуусан юм. Нарийвчлалтай газрын зургаа солонгосчуудаар гаргуулах нь аюулгүй байдалд ямраар нөлөөлөх, мөн Монголын нутаг дэвсгэрийг Солонгосын бөөний барааны бааз болгох зэрэг ямар ашигтайг лавласан юм. Мөн оношлогоо эмчилгээний төвийн барих газрыг олох гэсээр удна гэдгийг ч санууллаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Хэн гэдэг мудак жагсаалт гаргасанд нь хариулаад өгөөч” гэж байлаа.
Ямар ажил хийх ёстой вэ гэсэн саналыг БНСУ-д тавьж Засгийн газрын хуралдаанаар асуудлыг шийдсэн. БНСУ-ын талд одоогоор зөвхөн Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах саналыг тавиад байгаа гэсэн хариултыг ажлын хэсгийн гишүүн өгөв. Тэрнээс биш бөөний худалдаа зэрэг асуудлыг тавиагүй байна гэсэн юм.
Гишүүн Я.Батсуурь, Су.Батболд нар БНСУ-ын зээлээр хийсэн ажил чанар муутай, техник технологи хоцрогдсон байдгийг сануулж байв. Тухайлбал, Өмнөговийн байнга хөлддөг дулааны стац түүний жишээ гэлээ.
Санал хураалтаар гишүүдийн дийлэнх зээлийн гэрээг соёрхон батлахыг дэмжсэнгүй.