Сонгуулийн хуулийн хоёр төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн хоёр төслийг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын болон УИХ-ын гишүүн Г.Батхүү, З.Энхболд нарын өргөн барьсан Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо.

Гишүүн З.Энхболд нарын санаачилсан төсөлд Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг УИХ-ын ээлжит сонгуультай зэрэг зохион байгуулахтай холбогдуулан гуравдугаар зүйлд цаг хугацааны зарим өөрчлөлтийг оруулжээ. Хуучин хуулиар Орон нутгийн Хурлын сонгуулийн зарим зардлын хэмжээг орон нутгийн Хурлын тэргүүлэгчид санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зарладаг байсныг 60 хоногийн өмнө зарлахаар шинэчлэн тусгажээ. УИХ, орон нутгийн Хурлын сонгуулийн санал авах хуудас нэг байх, санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгэж дуусгах, орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь тухайн орон нутагт нэг жил оршин суусан байхаар хуулийн заалтыг өөрчлөхөөр тусгасан байна.

Сонгууль явуулах хугацаанд гарах бүх харилцааг Орон нутгийн Хурлын сонгуулийн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан зохицуулахаар тусгасан байна.

Харин Д.Лүндээжанцан гишүүн нарын өргөн барьсан хуулийн төслөөр хоёр сонгуулийг салгаж явуулахаар тусгаад байна. Хоёр төслийг тусад нь хэлэлцэх үү, нийлүүлэх үү гэдгийг байнгын хорооны өнөөдрийн хурлаар шийдэх юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж