“Нүүрс бол эрчимт хөгжлийн хурдасгуур”

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Нүүрс бол эрчимт хөгжлийн хурдасгуур”

Монгол Улсад хийж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтад хөрөнгө оруулагчдыг татах, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Coal Mongolia-2012” чуулга уулзалт өчигдөр, өнөөдөр “SS Convention center”-т үргэлжилж байна. Хоёр дахь жилдээ болж буй чуулга уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Уул уурхайн нэгдсэн мэдээллийн сан “Mining.mn” хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулганд 700 гаруй төлөөлөгч цугларч, нүүрсний салбарын цогц асуудлаар хэлэлцэхийн хамт үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаа юм. Үзэсгэлэнд нийт 62 компани өөрийн танилцуулга болон бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн загваруудыг танилцуулж байна. Түүнчлэн чуулган өндөрлөхөд зохион байгуулагчдын нэрэмжит шилдгүүдийг өнөөдөр 19.00 цагт “Баянгол” ресторанд тодруулах ажээ.

Чуулга уулзалтад оролцогсдын 40 гаруй хувь нь гадны төлөөлөгчид байна. Чуулганаар “Нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, “Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар” болон “Эрчим хүчний нүүрс, хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, байгаль орчин” гэсэн үндсэн гурван асуудлаар хэлэлцсэн бөгөөд илтгэлийн сэдэв, цар хүрээ гадны хөрөнгө оруулагч, төлөөлөгчдөд цогц мэдээлэл өгч чадаж буй тухай төлөөлөгчид ярьж байлаа.

Энэ удаагийн чуулга уулзалт өмнөх жил болсон анхдугаар чуулгантай харьцуулахад шийдвэр гаргах төвшний хүмүүс түлхүү оролцож буйгаараа онцлогтой. Тодруулбал, нийт оролцогсдын  70 гаруй хувь нь компанийн удирдах төвшний хүмүүс буюу захирал, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар байна. Харин 17 хувь нь дэд сайд, сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар байгаа нь төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах төвшний хүмүүс санал бодлоо солилцож, ажил хэрэгч яриа өрнүүүлэх бололцоо олгож байгаа юм. Харин компанийг бүлэглэлээр нь авч үзвэл, 35 хувь нь нүүрсний салбар дахь хайгуул олборлолтын төсөл хэрэгжүүлж буй, 12 хувь нь хөрөнгө оруулагчдын корпораци, банк санхүүгийн байгууллагууд, хоёр хувь нь шинэ техник, технологи нэвтрүүлэх компаниуд байна. Энэ нь чуулга уулзалтын ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи нэвтрүүлэх зорилгыг гүйцэлдүүлж байгаа тухай зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм. 

Нүүрсний салбар дахь төслийн хэрэгжилт, хууль зүйн орчин, “Coal Mongolia”-г зорин ирсэн гадаадын компанийн төлөөллүүдийн байр суурь, Монголд нэвтрүүлэх технологи болоод ЗТБХБЯ-ны зүгээс нүүрсний салбарт хэрхэн үүрэг гүйцэтгэж буй талаар зарим зүйлийг тодрууллаа.

Нүүрсний салбар дахь гадны болоод дотоодын төслийн тухай “Си Пи интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл:

-Товчоор хэлбэл, гадны хөрөнгийн биржүүдэд нүүрсний төсөл эзэмшдэг компаниудын тухай илтгэлийг чуулганы үеэр хэлэлцүүллээ. Олон компани Монголыг сонирхож байна. Гадныхан Монголын эрчим хүчний нүүрс болон олборлох ямар ч төрлийн нүүрсийг сонирхож байна. Дэд бүтэц нь баригдаад эхэлбэл Хятад руу ч экспортлох боломжтой. Мөн дотоодын хэрэгцээ ч байна. Чуулганы хоёр дахь өдөр Ухаа худгийн нүүрсний орд, “Саусгоби сэндс” зэрэг компани тус бүрийн танилцуулгыг мэдээлж, хөрөнгө оруулагчдыг татах, ашигтай хамтын ажиллагааны хэлцэлд хүрэхэд нэг алхам ойртох байх гэж бодож байна.

Дэд бүтэц, зам барилга нь нүүрсний салбар хөгжихөд хөдөлгөгч хүч болохын хувьд хийгдэх ажлуудын тухай ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Уул уурхайг дэд бүтцээр дэмжих бодлого бол нүүрсний салбарт тулгардаг асуудлуудыг шийдэх гарц нь мэдээж.Тэгэхээр гадаад руу зам тавих асуудлыг түргэвчлэх хэрэгтэй байгаа. Зөвхөн нүүрс гэлтгүй, Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн түлхэц болох нь дэд бүтэц. Энэ хүрээнд бид шинэ бүтээн байгуулалтын болон төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг гаргасан. Шинэ бүтээн байгуулалтын бичиг баримтын хүрээнд бид 5700 км замыг зургаан жилийн дотор барьж, байгуулахаар тусгасан байгаа. Ер нь жилдээ 300-аад км зам тавьдаг байсан жишгээр тооцвол бид арван хэдэн жил хийх хэрэгтэй болж байсан юм. Нөгөө асуудал бол төмөр замын асуудлын бодлогоо тодорхойлсон. Тавантолгойгоос зүүн тийш гарч байгаа буюу Зүүн өмнөд Ази руу гарч байгаа зам, урагшаа Хятад руу гарч байгаа замыг нийлүүлж, хамт барих нь зүйтэй гэж тогтсон. Эдгээр ажлуудыг хавраас эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Монголын нүүрсний салбарын эрх зүйн орчин, түүний алдаа дутагдлын талаар “Andersen and Andersen LLP” компанийн хуульч Д.Энхгэрэл:

-Одоогийн бидний үнэлж буйгаар Монголын хууль зүйн орчин тогтвортой бус байна. Өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан ч олон удаа засч, өөрчилсөн. Эхнийх нь бага зэрэг ойлгомжгүй байсан. Хоёр дахь нь гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл олгож байгаа гэж үзэж байсан. Одоо бол түүнийгээ буруу гэж үзээд хумих бодлого гаргаж байгаа. Мөн олон лиценз хамаагүй тарааж байсан бол одоо бас түүнийгээ эргүүлэн татах ажиллагаа явуулж байна. Ингээд гаргасан бодлого бүрээ араас нь татаж, өөрчлөөд байдаг нь бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд төдийлөн таатай бус. Мөн хөрөнгө оруулагчдыг үргээх аюултай юм.

-Монголд ашиглах боломжтой гэж үзсэн тоног төхөөрөмжийн тухай “Writgen” группийн Уул уурхайн хэлтсийн менежер Бернард Шимм:

-Бидний зүгээс ил уурхайн комбайныг танилцуулж байна. Энэ нь шохой, нүүрсний олборлолт хийхэд зориулагдсан машин учир Монголын нөхцөлд тохирно гэж үзэж байна. Байгалийн хор нөлөө багатай учир өнөө үед, ялангуяа Монголд уул уурхайн нөхөн сэргээлтийг онцлох шаардлагатай болсон энэ үед таарах байх гэсэн саналууд яригдаж байна. Олборлолт гэдэг нь хараар хэлбэл, ухаж, зөөх л гэсэн үг. Ингэхдээ байгаль орчинд хор нөлөөгүй байлгах нь нэн тэргүүний шаардлага. Манай ил уурхайн комбайн нь тэсэлдэггүй машин.  Хөрсөө өөрөө хуулна, өөр машин араас явахад замыг нь  засаад өгдөг. Бас машин доороосоо ус цацдаг, энэ нь тоос манаргадаггүй. Ингээд бусад уул уурхайн хүнд даацын машинтай харьцуулахад байгальд хор нөлөөгүй машин гэж хэлж болохоор байна гэв.

Чуулга уулзалтын хүрээнд мөн нүүрсний салбарыг хамарсан үзэсгэлэн зохион байгуулж буй. Түүнд гадаад, дотоодын 62 компани оролцож буй бол зочдын хувьд нүүрсний хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг илүүтэй сонирхож байлаа.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж