Булган сумын сургуулийн хичээлийн байр шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Булган сумын сургуулийн хичээлийн байр шатжээ

Ховд аймгийн Булган сумын 12 жилийн дунд сургуулийн хичээлийн хоёрдугаар байр өчигдөр өдрийн 11.00 цагийн орчим дээврээсээ эхлэн шатаж эхэлжээ. Улмаар аймгийн онцгой байдлын алба хаагчид 16.00 цагийн орчим галыг бүрэн унтраасан ч нэг давхар тус барилга бүхэлдээ  шатаж дууссан байна.

Булган сумын сургууль нь хичээлийн хоёр байртай, шатсан хоёрдугаар байранд хоёр ээлжээр 16 бүлэг хичээллэдэг байжээ. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг цахилгааны богино холбоо үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Гал гарах үед зарим ангиуд хичээллэж байсан бөгөөд сургуулийн удирдлагууд, онцгой байдлын алба хаагчид багш, сурагчдыг  галын бүсээс гаргасан байна. Улмаар анги танхимын  ширээ сандал, эд хошнлийн 60 хувийг гаргаж, архив, нягтлан бодогч болон нярвын бичиг баримтыг галд шатахаас сэргийлж, цонхоор гаргажээ. Галыг унтраахаар аймгийн онцгой байдлын 105 дугаар анги, цагдаагийн тасаг, сумын орон тооны бус онцгой байдлын штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнээс бүрдсэн 300 гаруй хүн, таван техник машинтай  ажиллаж, галыг унтраажээ.

Галыг бүрэн унтраасны дараа Булган сумын Засаг даргын 05 тоот захирамж гарч, хохирлын хэмжээг тогтоох найман хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулжээ. Тус хичээлийн байр нь 1959 онд ашиглалтад орж, 2010 онд их засвар хийсэн барилга юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж