Санторум хоёр сунгаанд ялав

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Санторум хоёр сунгаанд ялав

Америкийн Бүгд найрамдах намын идэвхтнүүдийн хуралдаан болон анхан шатны санал хураалт (кокусууд) Миссури, Миннесота ба Колорадо мужид боллоо. Эхний хоёр мужид нь Пенсильванийн сенатор Рик Санторум ялжээ. Колородо мужид ч тэр тэргүүлж байна. Санал хураалтыг тоолсны дараа өмнө нь өрсөлдөгч нараасаа хоцорч явсан Санторум Миссури мужид ялалт байгуулах нь тодорхой болов. Түүний төлөө мужийн намын идэвхтнүүдийн 55 хувь, Ромнийн төлөө 25 хувь тус тус саналаа өгчээ. Конгрессмен Рон Пол 12 хувийн санал авч гуравт оров. Экс-спикер Ньют Грингрич Миссурийн сунгааг орхин Огайо мужийн сонгуульд анхаарлаа хандуулсан байлаа.

Миннесота мужид бас л Рик Санторум тэргүүлэн 45 хувийн санал авчээ. Рон Пол 27 хувьтайгаар хоёрт 17 хувьтай Ромни гуравт орсон байна. Колорадо мужид Санторум 45 хувийн санал авч тэргүүлэв.

Ромни 35 хувьтайгаар хоёрт оржээ. Миннесота, Миссури, Колорадо мужийн сунгаа чухал биш гэгддэг ч нэр дэвшигчдээс хэн нэгнийг тодруулах сонирхол гаргаж ирдгээрээ анхаарал татдаг. Одоогоор анхан шатны санал хураалтуудын лидер нь одоо Митт Ромни байгаа юм. Обамагийн гол өрсөлдөгч болох Массачусетс мужийн захирагч асан Митт Ромнийн штабаас мэдээлснээр тэр л дараагийн сунгаануудад давамгайлах нь тодорхой учраас намын гол нэр дэвшигч болж чадна гэсэн байв. Гурван мужид дараалан ялсан Рик Санторум  өөрийгөө Обаматай ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүн гэж хэлжээ.

Зарим ажиглагчид Митт Ромнийг Бүгд найрамдах намаас Барак Обаматай өрсөлдүүлэх хүмүүсийн хамгийн сул нь гэж үзэж байгаа. “Баян бизнесмен, хүмүүсийг халах дуртай, ядуусыг өрөвддөггүй хүн” гэсэн имиж түүнд улам бүр наалдах болсон байна. Бүгд найрамдахчууд ирэх зун Тампа хотод болох “зааны намын- бага хурлаар хэнийг нэр дэвшүүлэхээ уг нам шийдэн зарлах юм.

Нэр дэвшигч нарын өрсөлдөөний оргил нь гуравдугаар сарын 6-нд 11 мужийн намын идэвхтнүүд нэр дэвшигчийг  тодруулах супер  мягмар гаригт болох юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж