Эрдэмтэд илтгэл тавив

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд илтгэл тавив

Нийслэл хүрээний 100 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ “Нийслэл Хүрээ-100 жил” эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжиллээ.

Монгол Улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэдийн санаачлагаар Олноо өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүлийн сарын хоринд /1912.02.09/ Нарангэрэлт, Түмэн наст, шашин төрийг хослон баригч Богд эзэн хаан Жэвзүндамбад Их хүрээ болбоос манай Монгол Улсын Эзэн хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тул үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээх бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хэрхэхийг зарлиг гуйн айлтгасанд мөнхүү өдрөө улаан бийрээр цохсон Богд Эзэн хааны зарлигт айлтгалыг ёсоор болгон Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэр өргөмжилсөн түүхтэй.

Энэхүү түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран Нийслэл Хүрээ 100 жил эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. 20 дугаар зуунд монголчуудын дэвшин хөгжсөн түүх нь нийслэлийн түүхтэй салшгүй холбоотой.  Нийслэл хотын түүхийг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид тал бүрээс нь нэхэн тодруулж судалсаар ирсэн хэдий ч ул үндэстэйгээр тодруулах, нэн чухал эх баримт, дурдатгал дурсамж зэргийг судалгааны эргэлтэнд оруулах нь түүхэн үйл явдлын зангилаа асуудлыг тодруулан хэлэлцэх, үнэлэх боломжийг өргөжүүлэх юм. 20 дугаар зууны Монголын нийгэм, улс төр, оюун санааны амьдрал, соёлын түүх болон  нийслэл хотын түүхийн асуудлыг  хэлэлцэх, санал солилцох, эх сурвалж баримтыг эргэлтэнд оруулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хуралд 20 орчим эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Эрдэмтэд Нийслэл хүрээ хэмээх нэр өргөмжилсөн түүхт 100 жилийн ойн хүрээнд монголчуудын хот суурин байгуулж байсан өв соёл, нийслэл хотын түүхэн хувьсал хөгжил, өнөөгийн Улаанбаатарын өмнө тулгамдаж  буй асуудлуудад анхаарлаа хандуулж байв.

“Нийслэл Хүрээ-100” жил эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаачдын  илтгэлүүдийн эмхтгэн ном болгон хэвлүүлжээ.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж