Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Шар гэрлүүд хаачив

Замын цагдаагийнханд зовлон байдаг байх л даа зайлуул. "Хэрэг зөрчлийн торгуулиас тэдэн төгрөг төвлөрүүл" гэсэн хатуу үүрэг өгөгддөг ч байж магадгүй. Ямар сайндаа л бүх замаа тэмдэглэгээгээр хангачихаж чадахгүй байсхийгээд л хооронд нь сольж хольж байх вэ. Өчигдөрхөн явж өнгөрсөн газраараа өнөөдөр явахад хориглосон тэмдэглэгээ тавигдчихсан, цагдаа ах "Амрыг эрье" гэчихсэн зогсч байх нь хэвийн үзэгдэл. Зорчих хэсгийн 80 хувьд тэмдэглэгээ хийгээд үлдсэн 20 хувийг "занга" болгож ашиглаж байна гэх юм уу даа. Тэгээд хүмүүс анзааргагүй яваад сурчихын цагт нь нөгөө 80 хувиасаа шилжүүлж авчраад тавьчихаж байгаа юм.

"Цагаан зураас байсныг нь аваад хаячихаж", “Тасархай байсныг нь үргэлжилсэн болгочихож, үүгээр эргэж болохоо больжээ" гэхчлэн ярилцаад, дахиж торгуулчихгүй шиг анзааргатай явахыг хичээх нь өнөөгийн Монголын жолооч нарын нийтлэг дүр зураг.  Иймэрхүү байдлаар ажиллаж төсвөө бүрдүүлдэг байсан тус байгууллагынхан сүүлийн үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын эрхийг шууд хасч байна. Тэд энэ арга хэмжээгээ "Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу нэг мянгаас арван мянган төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоо барих эрхийг нь хасах гэсэн заалт байдаг. Бид "Эсвэл эрхийг нь л хэрэгжүүлж байгаа" гэж тайлбарласан байсан.

Өдөр бүр "30 мянга"-ын "ялтай" таксины жолооч тэдний энэ хатуу шийтгэлд өртвөл ар гэрт нь юу болохыг эрхэм дарга нар тунгааж бодууштай санагдана. Гэтэл болгоож болох байтугай улам ч ихээр "нүд үзүүрлэж" байна гэж жолооч нар бухимдаж байна.

ЗЦГ-ын удирдлагууд саяхнаас жолооч нарт бас дахиад нэг зовлон нэмэхээр шийдсэн бололтой. Тус байгууллагынхан "Жолоочийн эрхийг хэн нь сайн хасах вэ" гэсэн уралдаан зарлаж түрүүлсэн хүмүүстээ байр амласан" гэсэн яриа жолооч нарын дунд таржээ. Тэдний ярьж байгаагаар бол ийм уралдаан зарласны дараа авто замын зарим уулзварын гэрлэн дохионы шар гэрлүүд "алга болсон" гэнэ. Үүнийг би ч гэсэн өөрийн нүдээр харав.

Өнгөрсөн долоо хоногт Баянбүрдийн уулзварын гэрлэн дохионы Тасганы овооноос уруудаж орж ирдэг урсгалыг зохицуулдаг талын шар гэрэл асахаа больсон байв. Улаан гэрэл хэсэг унтарч байснаа шууд ногоон гэрэл мэлтэсхийн асах аж. Миний сууж явсан машины жолоочид харин эсрэгээрээ анхааруулгагүй байснаа шууд улаан асч огцом тоормоз гишгүүлсэн. Харин маргааш нь явахад зүгээр болсон байв. Иймэрхүү байдлаар шар гэрлүүд унтраад байгаа нь нөгөө "занга"-ны нэг хэсэг биш байгаа. Шар гэрлүүд хаачсан юм бол оо.

Б.Болор

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж