“Лондон-2012”-ын бэлтгэлд 4,5 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын бэлтгэлд 4,5 тэрбум төгрөг төсөвлөжээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөлгөөн өчигдөр (01.09) Төрийн ордонд эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас биеийн тамир, спортын хөгжилтэй холбоотой асуудлаар нийт 30 гаруй тогтоол шийдвэр гаргаж, материаллаг бааз, орчин нөхцөлийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг”, “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг орон даяар амжилттай зохион байгуулж эхлээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Лондон-2012” зуны олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд баг тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилалтаа улам эрчимжүүлж, Лондоны тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг олонтой мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн буйгаа хэлээд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхий, олимпийн наадамд амжилттай оролцоход мэргэжлийн холбоодын үүрэг, хариуцлага, оролцоо өндөр байдгийг тэмдэглэлээ.

Засгийн газрын тогтоолоор 2011 онд тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд медальт байрт шалгарч, амжилт гаргасан 106 тамирчин, 43 дасгалжуулагчийг 586 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан шагнасан байна. Монгол Улсын Засгийн газраас олимпийн наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн төсвийг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд “Лондон-2012”-ын бэлтгэлд зориулж 4,5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж